ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Коронавирусээр өвчилсөн үедээ 2, өвчлөөд эдгэрсний дараа 2 хүн нас барж нийт нас баралт 4 болсон гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрээр "Манай улсад 2020 оны 11-р сарын 11-ний өдөр дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн тохиолдлоос нийт дөрвөн хүн эндсэн. Хоёр нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа архаг хууч өвчний улмаас буюу зүрх судасны өвчнөөр нас барсан. Харин хоёр нь оношлогдоод эмчлэгдэж байх үедээ нас барсан байна. Эдгээр хоёр хүн нь мөн л архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан.
Нас барсан тохиолдлуудын хугацааг тодруулбал,
- 2020 оны арванхоёрдугаар сарын 25,
- 2021 оны нэгдүгээр сарын 5,
- 2021 оны нэгдүгээр сарын 12,
- 2021 оны нэгдүгээр сарын 22-нд тус тус бүртгэгджээ.
"Тоёоко Инн" зочид буудалд халдвар голомтлон гарсан эсэх асуудалд уг зочид буудалд 300 орчим хүн тусгаарласан. Сүүлийн долоо хоногт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тус буудалд тусгаарласан байна. Сүүлийн хоёр хоногт нийтдээ 70 орчим тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой ойрын хавьтал олон хүн тусгаарлагдсан. Эдгээрийн анхны болон хоёр дахь шинжилгээнд халдвар илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлж байна" гэв.