ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Дэлхий даяар 170 ба түүнээс дээш тооны коронавирусийн эсрэг вакцин туршилтын өмнөх шатандаа бүтээгдэж буй.
Тэгвэл эмнэл зүйн нэгдүгээр шатанд 18, хоёрдугаар шатанд 23, гуравдугаар буюу сүүлийн шатандаа 22 вакцин туршигдаж байгаа. Харин одоогоор ДЭМБ-аас гурван төрлийн вакцинд хүнд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм. Үүнд BioNTech-Pfizer, Moderna, Oxford/AstraZeneca зэрэг компанийн бүтээсэн вакцинууд багтаж байна.
Вакцинтай холбоотой асуудлаар иргэдийн анхаарч, мэдэх ёстой зүйл бий. Тухайлбал, дээрх бүх вакцин хоёр удаагийн тун буюу хоёр удаа хийж байж дархлаа тогтооно гэдгийг санах хэрэгтэй. Хоёр тунгийн хоорондын хугацаа нь вакцины онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг.
Тухайлбал, BioNTech/Pfizer-ийн вакцин нь эхний тун хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийх ёстой байдаг. Харин Moderna, Oxford/AstraZeneca зэрэг компанийн вакцины хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг.
Ингээд хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш дор хаяж дөрвөн долоо хоногийн хугацаанд таны биед коронавирусийн эсрэг бүрэн дархлаа тогтох юм" гэв.