Коронавирусийн цар тахалтай тэмцэж буй эмч нарт зориулж 32 сая гаруй фунтийн мөнгөн хандив цуглуулж, дэлхийд алдаршсан Их Британийн ахмад дайчин Том Мур халдвар аван эмнэлэгт байгаа тухай түүний охин Ханна твиттерт жиргэснийг СNN агентлаг мэдээллээ.
Өдгөө зуун насны сүүдэр зооглоод буй Мур сүүлийн хэдэн долоо хоногт хатгалгааны эмчилгээ хийлгэж байсан бол өнгөрсөн долоо хоногт түүний шинжилгээний хариу эерэг гарч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан аж. Гэртээ эмчилгээ хийлгэж байсан ахмад дайчинд амьсгалахад нэмэлт тусламж шаардагдсан тул өчигдөр эмнэлэгт хэвтүүлжээ.
Том Мур өнгөрсөн жил 100 насны ойгоо угтуулан 25 метр хашаагаа тойрон 100 удаа тойрч, эмч нарт зориулан нэг мянган фунтийн хандив цуглуулахаар зорьсон. Түүний санаачилгыг маш олон хүн тэр тусмаа олны танил эрхмүүд дэмжиж, нийт 32 сая гаруй фунтийн хандив цугларсан юм. Түүний санаачлан хэрэгжүүлсэн энэхүү хандивын аяныг нь Их Британийн хатан хаан II Элизабет өндрөөр үнэлэн Хүлэг баатрын хэргэм зэрэг хүртээсэн юм. Улс орныхоо өмнө гавьяа байгуулсан эрхмүүдэд Их Британийн хаад, хатад Хүлэг баатрын хэргэм олгодог уламжлалтай. Хүлэг баатар хэргэм хүртсэн хүн нэрнийхээ өмнө “Sir” хэмээх өргөмжлөл бичүүлж, дуудуулах эрхтэй болдог аж.