Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт “Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан товлогдсон. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн “хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх” тухай хүсэлт ирүүлсэн мөн гэрч Б.Цогбат хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүйгээс шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг товлоод байсан юм.