"Нандин нас-2" киноны жүжигчин Г.Буд-эрдэнэ буюу Жуляатай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
Сайн, сайн байна уу. Намайг Гантулгын Буд-Эрдэнэ гэдэг. Гэхдээ Жуляа гэдгээр хүүхэд багачууд, найзууд маань илүү мэдэх байх.
“Нандин нас 2” уран сайхны кинонд ямар дүр бүтээсэн бэ? Дүрийнхээ талаар ярихгүй юу?
Миний дүр бол баян айлын эрх охины дүр юм. Их л дээрэлхүү, хүүхдүүдийг ялгаж зааглан харьцдаг, гадуурхдаг гээд муу тал ихтэй сөрөг дүр дээр ажилласан.
“Нандин нас” кинонд тоглосон Жуляагийн дүр, амьдрал дээрх Буд-Эрдэнэ хоёрт адил төстэй чанар бий юу? Бас тэс өөр зан ааш гэвэл юу байв?
“Нандин нас-2” дээрх Жуляа, Буд-Эрдэнэ хоёрт адилхан зан чанар байхгүй байх. Өөрөөр хэлбэл Буд-Эрдэнэ дээрэлхүү, бусдыг гадуурхаж харьцдаггүй л дээ. Харин ааш муутайгаараа бол төстэй байж магадгүй л юм байна. /Инээв/ .
Өсвөр насандаа кинонд дүр авч, цэнхэр дэлгэцнээ өөрийн хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг мөнхөлнө гэдэг ховор боломж. Хэзээнээс урлагт дурлаж, хэр хөдөлмөрлөж, хичээж кинонд дүр бүтээж чадсан бэ?
Би жаахан байхаасаа л ээжийгээ дагаж явдаг байлаа. Тэгээд л урлагт дурласан байх гэж бодож байна. “Нандин нас-2” кинонд анхны гол дүрээ бүтээсэн. Энэ дүрийг олж авахын тулд их хичээсэн. Өглөө эрт гэрээсээ гараад өдрийн турш уншлага хийнэ, дараа нь бүжиг бэлдэнэ. Бас бага зэрэг жин хасах ёстой байсан болохоор хоолоо зохицуулж идэх, хөдөлгөөн хийх гээд ер нь завгүй өдрүүдийн ард олон сар өнгөрөөсний эцэст анхны гол дүрээ бүтээх эрх авсан гэж хэлж болно.
Чиний цаашдын хүсэл мөрөөдөл юу вэ? Урлагаараа явах уу, өөр мэргэжил эзэмших үү?
Цаашид урлагаараа явна. Би аливаа зүйлд тууштай байж үр дүнг нь харах дуртай.
Яагаад заавал урлаг гэж?
Урлаг бол хүн бүхэнд баяр хөөр, аз жаргал бэлэглэж уйтгар гунигийг нь үргээж чаддаг ид шидтэй шүү дээ. Тийм учраас би урлагт дуртай байдаг. Бусдын аз жаргал, инээд баяр хөөрийн шалтаг шалтгаан болж амьдардаг урлагийнхан их азтай гэж боддог. Иймээс би урлагт илүү шунаж, ямар амжилт гаргаж чадахаа харахыг хүсэж байна.
Хүүхдүүд урлаг, спортын дугуйланд явах, түүндээ дурлаж, тэмүүлнэ гэдэг маш их цаг зав гаргах болдог. Ар гэрийнхэн нь хэр дэмждэг вэ?
Урлаг, спорт, хичээлийн янз бүрийн дугуйлан, секцэд хамрагдах гэдэг үнэхээр их цаг шаарддаг л даа. Гэхдээ манай ээж, аав хичээлийнхээ хажуугаар цаг, заваа гаргаад урлаг, спорт, дугуйланд хамрагдахыг дэмжсээр ирсэн. Аав, ээж маань өөрөө сургуульд сурсан, ээж маань хүүхдүүдийн төлөө ТХ продакшн байгуулан ажилласан нь надад маш их давуу тал болсон. Өөрөөр хэлбэл намайг урлагт хайртай, дуртай болоход ээж, аав илүү нөлөөлсөн. Тэднийхээ дэмжлэг, туслалцаагаар би илүү зорилго, хүсэл тэмүүлэлтэй болсон гэж хэлж болно.
“Төгс хөгжил” продакшнд хамрагдсаны давуу тал юу вэ? Жишээ нь өөрт чинь ямар өөрчлөлт гарч байна?
Давуу тал гэвэл тоочоод барахгүй болов уу. Урлагаар дамжуулан хүүхэд бидэнд хүмүүжил олгодог. Манай дугуйланд хамрагдсан хүүхдүүд харилцаа, хандлагын хувьд ч илүү сайжирдаг. Бүжиг, хэл яриа зүгшрүүлэх, харилцаан дээрээ юу анхаарах гэх мэт олон сайн чанар, чадварыг энд заадаг. Мөн англи, хятад хэлний сургалттай гээд давуу тал асар их шүү. Бас бид өсвөр насныханд тулгамддаг олон асуудлыг сошиал контентээр дамжуулан хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд түгээж, нийгмийн сайн сайханд уриалан дуудах үүрэг гүйцэтгэж байна. Миний хувьд маш нээлттэй байж чаддаг болсон, аливаа асуудал гарвал ээжтэйгээ сайхан ярилцана, өөрийгөө ойлгуулчихна. Харилцаа, хандлага, биеэ авч явах байдал маань эрс сайжирсан шүү. /Инээв/.
Энэ цар тахлын үеийг танай продакшнийнхан хэрхэн даван гарч байна? Олуулаа цуглаж болохгүй учраас завсарлаад байна уу?
Өө ёстой завгүй байгаа. Манай сургалтууд онлайнаар явагдаж байна. Бид зүүм аппликейшн ашиглаад багш нартайгаа ярилцаж, хичээл сургалтаа цаг тухай бүрд нь аваад явж байна. Хөл хорионы энэ үед ч хөгжих боломж байгаад маш их баяртай байгаа. Багш нартаа ч талархаж байна.
Яг одоо “Нандин нас 2” бүх IPTV-ээр үзэгч хүүхдүүдэд хүрч байна. Энэ киноны онцлог гэвэл юу хэлэх вэ? Энэ киноноос хүүхдүүд ямар сургамж авч үлдэх бол?
Зөвхөн хүүхэд багачуудад зориулсан кино биш гэдгийг хэлэхийг хүсэж байна. Аав ээжүүд маань хүүхдүүдтэйгээ хамт суугаад энэ киног үзээрэй гэж хэлмээр байна. Учир нь томчууд өөрсдөө хүүхдээ ойлгож, хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, зорилгыг олж харах юм бол хүүхдүүд хөгжих, ирээдүйд сайн хүн болно шүү дээ. Хүүхдүүдээ ойлгохын тулд, тэдний өмнө ямар бэрхшээл байгааг олж харж, түүнийг давж гарахын тулд аав, ээж нар “Нандин нас-2” киног үзээсэй гэдэг хүсэл надад байна. Мөн аав, ээж нар хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж, хүүхдүүдээ сонсож байх нь ямар чухал болохыг манай кино харуулна.
Үзэгч хүүхдүүд, ээж аав асран хамгаалагч нарт хандаж юу хэлэх вэ?
Дахиад л хэлье ээ, аав ээж нараа хүүхдүүдтэйгээ хамт манай киног үзээрэй. “Нандин нас-2” киноны 1,2-р бүлэг бүх IPTV-д орсон байгаа бол 3-р бүлэг 2 сарын 2-нд орох юм. Бүх бүлгийг үзсэний дараа дүгнэлтээ хийгээрэй гэж томчууддаа хэлмээр байна.
Баярлалаа, цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөр, ажил амьдралд нь амжилт хүсье.
Баярлалаа та бүхэнд. Энэ муухай корона вирусээс болж хүүхдүүд бид танхимаар хичээллэж найз нөхөд, ангийнхантайгаа уулзаж чадахгүй байгаа ч бүгд эрүүл энх байгаарай гэж хэлмээр байна. Эрүүл байхад бүх зүйл аяндаа сайхан болно шүү дээ.
Г.БАТМӨНХ