ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав ахлагчтай мэс заслын багийнхан өнгөрсөн долоо хоногт соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийжээ.
Хүүд өвчний шинж тэмдэг 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д хэвтэж, маргааш нь мэс засалд орсон байна.
Хүү олон тооны соронз залгиснаас ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. Мэс заслын явцад хүүгийн ходоодноос жижиг эрхиний хэмжээтэй 56 ширхэг соронз авсан байна.
Хүүхдийн биеийн байдлыг мэс заслын эмч А.Цэнджаваас тодруулахад “Хагалгаа амжилттай болсон, хүүхэд босож явж, өнөөдрөөс хоолонд орж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ соронзтой тоглоомоор аль болох тоглуулахгүй, хэрэв тоглоом нь соронзтой бол эрэг, боолтыг шалгаж байхыг дахин анхааруулмаар байна” хэмээлээ.