“Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдал” группийн админтай ярилцлаа. Тус групп нь 2013 онд нээгдсэн бөгөөд одоогийн байдлаар 747 мянган гишүүнтэй. Энэ нь Монголын фэйсбүүк хэрэглэгчдийн гуравны нэг хувьтай тэнцүү үзүүлэлт. Өөрөөр хэлбэл Монголын хамгийн том фэйсбүүк групп юм.
-Сайн байна уу, та өөрийгөө танилцуулаач?
– Намайг Наранцогтын Цогзолбоо гэдэг. Группийн үүсгэн байгуулагч. Энэ группээсээ гадна өөр олон янзын групп, пейж хөтөлдөг. Энэ ажилдаа зориулж сошиал медиа хөгжүүлэлтийн талаар сургалтанд суудаг.
– Группийн үүсэл хөгжлийн талаар?
– 2013 оны арван хоёрдугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Адил төстэй группээс санаа авсан. Тухайн үед одоогийнх шиг олон групп байгаагүй, чанартай цөөхөн группүүд байдаг байлаа. Дандаа хүндхэн явдлаа бичдэг болохоор “Хүндхэн” гэж нэрлэсэн. 2015 оноос эхлэн илүү идэвхтэй болсон юм. Өнөөгийн байдлаар 747 мянган гишүүнтэй. Анх нээж байх үед ийм олон гишүүнтэй болно гэсэн төсөөлөл байгаагүй. Одоогийн байдлаар хоёр туслах админы хамт үйл ажиллагаагаа явуулж байна.
– Өдөрт дунджаар хэчнээн нийтлэл ордог, ямар сэдэв зонхилж байна вэ?
– Янз бүр дээ. Дунджаар 500 орчим пост ордог. Мөн группийн утгаас хальсан элдэв янзын постууд их ирдэг. Тэр болгоныг шүүж оруулахад нэлээдгүй их цаг хугацаа шаарддаг юм. Фэйсбүүк групп гэдэг ямар нэг албан байгууллага биш. Тиймээс постуудаа хоёр админтайгаа ээлжлэн ажлынхаа цаг заваар шүүдэг. Сэдвийн хувьд хязгааргүй шүү дээ. Хүн бүрд өдөр тутамд санаандгүй, хөгтэй зүйлүүд маш их тохиолддог. Сэдэв нь цаг үеэсээ шалтгаалан давлагаална. Шинэ жилээр гацуур, торттой холбоотой гэх мэт.
– Та сая шүүж оруулна гэж хэллээ шүү дээ. Ямар зарчмаар шүүлт хийдэг вэ?
– Нийтлэл бүрийг нэг бүрчлэн уншдаг. Группийн дүрэм, журамд харшлахгүйг нь оруулна. Манай группийн дүрэм гурван зүйл, есөн зүйлтэй. Үүнд мөрдөх журам, хориглох заалт, ногдуулах шийтгэлийн талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа.
– Олон хүнийг нэг бүлэг болгон байнгын идэвхжүүлж, зохицуулна гэдэг амаргүй ажил байхдаа?
– Тийм ээ. Нэг мэдэхэд л маш олон хүний анхааралд өртөж, түүнийгээ дагаад чанга дүрэмтэй байх шаардлагатай болсон. Түүнчлэн урт хугацааны туршид хүмүүсийн санаа бодол, хүсэл сонирхол, эрх ашигт нийцүүлж дүрэм маань бичигдсэн. Үүнийг би ганцаараа санаанаасаа зохиосон юм биш л дээ.
– Олон гишүүнтэй учир хамтран ажиллах санал их ирдэг байх. Танай группэд зар сурталчилгаа тэр бүр харагддаггүй. Ямар зохицуулалт хийдэг вэ?
– Хамтран ажиллах саналууд их ирдэг. Гэхдээ хариуцлагагүй хандаж, гуйсан нийтлэл бүхнийг оруулаад байвал группийн утга алдагдана шүү дээ. Зарим үед л төлбөртэй нийтлэл оруулдаг. Төлбөртэй постоо үнэн зөв байдлыг харгалзан үзэж, үнэ тохиролцож авдаг. Ихэнх үед байгууллагуудтай олон хоногоор гэрээ хийнэ. Үнийг нь тухай бүрд нь харилцан тохиролцдог.
– Танай группэд олны танилууд цөөнгүй харагддаг?
– Тийм ээ нэг хэсэг хошин урлагийнхан манай нийтлэлүүдээс санаа авдаг байсан. Бас олны танил хүмүүс өөрсдийн хөгтэй явдлуудаа бичдэгт их олзуурхдаг шүү.
– Таны сэтгэлд үлдсэн хамгийн их хандалттай нийтлэл?
Өнгөрсөн зун байх аа, тэрэлжийн мэлхий хадны ойролцоо хүмүүс зураг авахуулж байх үед санаандгүй араар нь гарсан хүмүүс зурагт орчихсон байсан. Хүүхэд нь хүртэл хуруугаа гозойлгосон пост их хөөрхөн байсан даа.
– Танд группийнхээ талаар нэмж хэлэх зүйл байна уу?
– Манай групп Монголын хамгийн том групп гэдгээрээ алдартай болсон. Нийгэмд сайн сайхныг түгээж эерэг байлгахыг хичээж хоёр админы хамт ажилладаг. Өдийг хүртэл маш их цаг хугацааг энэ группдээ зориулсан учраас их нандигнадаг. Бид цаашид Монголын хамгийн том групп гэдэг байр сууриа хадгалж үлдэхийг эрмэлзэнэ. Нийгэмд тулгарч буй хар бараан мэдээллээс ангид байж “Стрессгүй нийгмийн төлөө” ажиллана аа.
Ярилцсанд баярлалаа