Тун удахгүй байгуулагдах шинэ Засгийн газарт албан тушаал горьдсон нэг биш нэлээн гишүүд намын дарга, сайдынхаа үүдийг өдөр, шөнөгүй сахиж байгаа сурагтай. Сайдынх нь чих хатуудсан уу яасан, МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүд “БИД САЙД БОЛМООР БАЙНА” хэмээн өчигдөр /2021.01.26/ Төрийн ордноос мэдэгдэл хийв.
2020 оны УИХ-ын сонгуулиар 13 эмэгтэй сонгогдсон нь гишүүдийн 17 хувийг бүрдүүлсэн юм. Монгол Тулгатны П.Анужин, нэрт сэтгүүлч Б.Жаргалмаа, Хуульч Х.Булгантуяа, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг, Наран улсын боловсролтой гэж шагшин магтагддаг Ч.Ундрам нарын шинэхэн эмэгтэй гишүүдээр сэлгэсэн Их хурлыг одоо л хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ төлөө хүчтэй дуугарах нь гэтэл таг. Гишүүний суудалд тухлаад даруй зургаан сар өнгөрсөн ч манай эмэгтэй гишүүд аанай л дуугүй хэвээр. Үүнийг сонгогчид болоод ард түмэн тань юу гэж ойлгох вэ, эрхэмсэг хатагтай нар аа!!!
УИХ-ын гишүүн Н.Ганибал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцордог өдөр чуулганы танхимд “Миний яриаг хэн ч анхаарч сонсохгүй байна. Засаг огцрохын зэрэгцээ шинэ Засагт орох гэсэн хүсэлтэй гишүүд урдуур хойгуур гүйж, манай эмэгтэй гишүүд дээл хувцсаа өмсөөд, үс гэзгээ янзлаад сайхан гоёод ирсэн байна” гэж хэлэхийг сонсоод “Арай ч үгүй байлгүй дээ” гэж итгэл тээн жирийн сонгогчын үүднээс бодож байлаа. Гэвч, Н.Ганибал гишүүний хэлсэн үг үнэн болохыг эмэгтэй гишүүд нотоллоо. Тэдэнд бидний төлөө, ард иргэдийнхээ төлөө, хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугарахад Улсын Их Хуралд 13-уулаа сонгогдсон нь бага байна, САЙД болгож өг хэмээн намын дарга нараасаа хүссэн юм. Дор хаяж тав нь сайд болох ёстой гэв. Тэгэхээр эрхэмсэг гишүүдийгээ сайд болгохгүй бол бидний төлөө дуугарахыг, хэрэгцээтэй хууль санаачлахыг харна гэдэг амаргүй даваа бололтой. Эрх нь байвч яамба нь дутаад байсныг хэн мэдлээ, хөөрхий.