Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг намууд үйл ажиллагааныхаа зарчим болгохыг заасан байдаг ч энэхүү хуулийн заалтыг хэрэгжилт манайд төдийлөн хангалтгүй байдаг тухай ОУ-ын судалгааны байгууллагуудын тайлан мэдээнд дурьдагдсан байдаг.
Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд нэгдэн энэ долоо хоногт шинээр байгуулагдах “Шинэ үеийн” гэх тодотголтой Засгийн газрын бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь буюу Засгийн газрын таван гишүүнийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэхийг МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын бага хурлаас Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнэ нараас хүссэн байна.
Ийнхүү шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр Монгол улсын хэмжээнд нийгмийн тулгамдаад буй ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгал экологи, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж зэрэг олон асуудлуудад шинээр байгуулагдах Засгийн газрын бодлогыг чиглүүлж, хүний эрх, жендерийн тэгш байдлын мэдрэмжтэй бодлого шийдвэрүүдийг гаргахад чухал нөлөөтэй гэж үзжээ.
Мөн түүнчлэн “Шинэ үеийн” Засгийн газарт эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээр улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, улс төрийн намуудын төлөвшлийг сайжруулах, улс төрийн шинэ жишиг, шинэ соёлыг бүрдүүлэх, улмаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад онцгой ач холбогдолтой гэж тэд албан хүсэлтээ дурьдсан байна.