"Төлөвлөгөө ёсоор 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх сарын нэгэнд эхлэж орон даяар теле хэлбэрээр орно" хэмээн БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэллээ.
Түүнчлэн тэрбээр БШУЯ-ны албан ёсны хуудаст оруулсан тайлбарт "2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралт хоёрдугаар сарын 1-ээр дуусгавар болно. Үүнтэй холбогдуулан хоёрдугаар сарын 1-ээс хичээлийн шинэ улирлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. БШУЯ-наас УОК-ын Шуурхай штабын дэргэдэх судалгаа шинжилгээний багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнг үндэслэн ажилласан.
Улаанбаатар хотод цар тахлын тохиолдлын илрэлт төдийлөн буурахгүй байгаа тул танхимын хичээлийг эхлүүлэх асуудалд болгоомжтой хандаж байна. Мөн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад ойрын үед хүйтэн байхаар байна. Иймд цар тахлын үед ханиад томууны дэгдэлт нэмэгдүүлэхгүй байхаар болгоомжилж байгаа юм” хэмээлээ.