УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардан, Төв талбайд суулт зарлаад буй. Тэрбээр суултаа өлсгөлөн болгон тэмцлийн хурц хэлбэр рүү шилжихээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр түүнтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирж уулзлаа. Х.Нямбаатар хэлэхдээ “Би Засгийн газрыг төлөөлж, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонготой хамт ирлээ. Би танд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бод гэж удирдлагуудаас танд хэлүүлсэн. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр энэ ажлын хэсэг Рио Тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээнд суусан. Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьсан. Үүнд, Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах, 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье гэдэг шаардлагуудыг тавьсан. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай онлайн хурал хийсэн. Хөрөнгө оруулагч талд Монголын Засгийн газраас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хөрөнгө оруулалтыг гэрээг цуцлахаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид энэ дээр нэлээд цочирдсон байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн гэрээг Монголчуудад ашигтай байх, сайжруулах тал дээр тантай хамтаръя гэдгийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлүүллээ. Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ томилогдоогүй байгаа учир ирж таны шаардлагыг хүлээн авах нь зохимжгүй юм. Тантай үзэл бодол, үйл хэрэг нэг байгаа гэдгээ илэрхийлсэн.Тийм учраас та одоо суултаа зогсоогоод эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Харин үүний хариуд С.Ганбаатар “Өнөөдөр Х.Нямбаатар сайд, Б.Солонго дарга нар ирж уулзаж байгаа нь монголын ард түмний эрх ашгийг хүндэтгэж байгаа явдал гэж үзэж байна. Миний хувьд авилгал өгч байгуулсан Оюутолгойн гэрээг ерөнхий сайд цуцлах хүсэлт явуулах хүртэл суултаа зогсоохгүй. Хэзээ хүсэлтээ явуулна тэр цагт би суултаа зогсоох болно. Өнөөдөр явуулбал одоо ч зогсооход бэлэн байна. Би өөрийгөө 30-40 хоногтоо зүгээр гэж бодож байна. Хэрэв миний бие муудвал би та бүхнийг улам шамдуулах болно.” гэв.