Зургаан сарын дараа зуны XXXII олимпийн наадам Японы нийслэл Токио хотод эхлэх гэж байна. Гэвч коронавирусийн улмаас хөл тогтоогоод буй энэ үед тамирчид хэрхэн олимпийн бэлтгэлээ базааж буй талаар жүдо бөхийн шигшээ багийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ө.Дүүрэнбаяртай ярилцлаа.
– Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 11-13-нд "Доха мастерс" тэмцээнд оролцоод ирлээ. Хөл хорионы үед тэмцээнд оролцсон тэмцээнийхээ талаар яриагаа эхлэх үү?
-Сая болж өнгөрсөн “Доха мастерс” тэмцээн нь жүдо бөхийн бүх жингийн эрэмбээрээ эхний 32-т багтдаг тамирчид урилгаар оролцдог мастеруудын тэмцээн байсан. Онооны хувьд бол маш өндөр. Бидний гол зорилго багт орох тамирчид өндөр оноо авч, тус тусын жиндээ сайн оролцож оноогоо ахиулах байсан. Хэдий манай багийнхан багаараа муу барилдаж ерөнхий үзүүлэлт муу байсан боловч 90 кг-ын жинд Г.Алтанбагана VII байрт орж гол зорилго болох Монгол Улс багийн төрлөөр олимпод оролцох эрхээ авсан.
– Мөн жүдо бөхийн шигшээ багийн тамирчид тусгай онгоцоор тэмцээнд явлаа. Үүнийхээ оронд гадаад гацсан иргэдээ татах ёстой байсан гэх мэт шүүмжлэл нийгэмд гарсан. Энэ талаар таны бодол?
–Бидний тэмцээнд явсан онгоц бол тусгай үүргийн онгоц биш. Бидний оролцоод ирсэн тэмцээн манай багийн хувьд маш чухал тэмцээн байсан. Олимпийн наадамд багийн төрлөөр оролцох уу, үгүй юу гэдгээ шийдэх мөн бид тэмцээнд оролцолгүй удсан учраас эрэмбээ дээшлүүлэх хэрэгтэй байсан. Тийм учраас жүдо бөхийн холбооноос гарсан мөнгөөр “Хүннү эйр” компаний онгоцыг түрээслээд явсан. Буцаж ирэхдээ боломжоороо гадаад гацсан байсан 3×3 сагсан бөмбөгийн багийн тамирчид болон бусад иргэдийг авчирсан. Улсаас гарсан юм гэвэл УОК-ын зүгээс бидэнд явж болно гэдэг зөвшөөрлийг өгсөн. Мөн тамирчид бид болон дасгалжуулагч багш нар бүгд хэрвээ гадаадад коронавирус тусаад эрүүл мэнд, амь насаараа хохирох юм бол УОК хариуцахгүй гэсэн гарын үсэг зураад явсан.
-Манай улсад өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжээд спорт танхимуудыг хааж эхэлсэн. Энэ үеэс эхлээд бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
–Хамгийн анх өнгөрсөн оны хоёрдугаар сард хөл хорио тогтооход бид нар гэртээ байсан. Харин хэсэг хугацааны дараа хөл хорио суларч спорт танхим нээхэд бэлтгэл хийх эхэлсэн. Гэхдээ өдөрт хоёр удаагийн бэлтгэл хийдэг байсан бол өдөрт нэг удаа цөөн цагаар, цөөхүүлээ бөөгнөрөл үүсгэхгүй бэлтгэлээ хийсэн. Мөн Төв аймгийн Батсүмбэр суманд нэгдсэн бэлтгэлд гараад аравдугаар сард буцаж ирээд өдрийн нэг бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байтал арваннэгдүгээр сард хөл хорио чангарч бид гэртээ байх болсон.
–Арваннэгдүгээр сард хөл хорио тогтооход гэртээ хэрхэн бэлтгэлээ хийж байв?
-Хөл хорио тогтоосон хугацаанд ганц би гэлтгүй манай олимпийн бусад төрлийн тамирчид болон манай багийнхан УОК-ын шийдвэрийг дагаж гэртээ байсан. Гэхдээ гэртээ байх хугацаандаа өдөр бүр ойрхон гарч гүйх, онлайнаар холбогдож хамтдаа биеийн хүчний гар дээр суниах, үсрэлт, гийр хийх гэх мэтээр бэлтгэлээ хийсэн.
–Тэгэхээр “Доха мастерс” гэртээ бэлтгэл хийж байгаад оролцсон гэсэн үг үү?
–Тийм. Бид дор бүрээ хичээгээд гэртээ ямар бэлтгэл хийж болохоор байна бүгдийг хийж байсан ч жүдо бөх өөрөө тулааны хүнтэй харьцдаг спорт учраас өрсөлдөгчтэй, бэлтгэл хангагчтай тэр бэлтгэлийг юугаар ч нөхөж боломгүй зүйл байлаа. Дэвжээний бэлтгэл хийхгүй байна гэдэг нь мэдрэмж бүх зүйл холдоно гэсэн үг. Зүйрлэвэл оюутан сурагч хүн шалгалтын өмнө ямар ч хичээл хийх боломжгүй, дэвтэр балгүй байж байгаад шалгалтад орохтой адил юм боллоо саяны тэмцээн.
–Танай багийнхан тусгаарлалтын 14 хоногоо хэрхэн өнгөрүүлж байна вэ?
–Бид тусгаарлалт 13 хоноод байна. Энд тамирчид биднээс гадна манай багийн эмч болон багш дасгалжуулагчид байгаа. Энэ хугацаанд бид өдөр бүр 14.00 цагаас онлайнаар холбогдон дотор булчингийн тэнцвэр дасгалууд хийж байна. Мөн өрсөлдөгчийн судалгаа, сэтгэл зүйн хичээлүүд дээр ажиллаж байгаа.
–Чөлөөт бөх болон боксын шигшээ багийн тамирчид “Найрамдал” зусланд нэгдсэн бэлтгэл гарсан байгаа. Танай баг тусгаарлалтын хугацаагаа дуусгаад бэлтгэлд гарах уу?
-Олимпийн хороо болон Биеийн тамир спортын хорооноос олимпд явах тамирчдаас коронавирусийн шинжилгээ аваад “Найрамдал” зусланд гурван сарын хугацаатай нэгдсэн бэлтгэлд гаргахаар болсон. Одоо нэг хоногийн дараа тусгаарлалтаас гараад долоо хоног гэртээ тусгаарлагдах ёстой. Үүнийгээ дуусгаад нэгдсэн бэлтгэлдээ явах төлөвлөгөөтэй байна.
–Одоо ес хоногийн дараа нэгдсэн бэлтгэлд гарах нь. Энэ жилийн УАШТ-ний талаар мэдээлэл байна уу танд?
–Одоогоор энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй байна.
–Таны хувьд бэртэл гэмтэл нь бүрэн эдгэсэн үү. Бэртлээс эргээд ирэхэд хөл хорионы үе таарлаа. Өөрийн формдоо орж чадав уу?
-Миний хувьд бэртэл гэмтэл эдгээд сайхан болсон. Формын хувьд бол би гэлтгүй манай багийнхан өөрсдийн формдоо орж чадаагүй байгаа байх. Үүнийг болж өнгөрсөн тэмцээн харуулсан байх. Өндөр зэрэглэлийн тамирчин гурав хоногийн бэлтгэл алдахад сарын бэлтгэлээр нөхдөг гэж манай багш нар хэлдэг.
-Тэгэхээр “Доха мастерс”-аас өөртөө ямар дүгнэлт хийв. Олимпийн наадам болоход ердөө зургаан сарын хугацаа л үлдсэн байна шүү дээ?
–Сая болсон тэмцээнээр өмнөх том, том бэртлүүд сайн эдгэсэн боловч хөлний тэнцвэр алдагдсанаас болж тэмцээнд явахын өмнө шагайндаа бага зэргийн бэртэл авсан. Гайгүй болов гэж бодоод очоод барилдахад сайн барилдаж чадаагүй. Бас формын асуудал, мэдрэмжийн асуудал их байлаа. Ер нь манай багийнхан бүгд мэдрэмж нь холдсон байна гэж бодоцгоож байна. Гэхдээ манай багийнхан үлдсэн богинохон хугацаанд бэлтгэлээ чамбайруулж, формондоо ороод олимпийн наадамд амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа.