Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж, 1940, 1960 оны Үндсэн хуульд улс төрийн нам нийгмийн бүх байгууллыг удирдах гол хүчин болохыг тунхаглаж, улмаар 1990-ээд оноос нэг намаас олон намын тогтолцоо руу шилжин төлөвшиж, 1992 онд батлан хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Үндсэн хуульд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан билээ.
Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг “Эх орончдын өдөр" болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа нь монголчуудын XX зуунд олсон ололт, амжилт, гүйцэтгэсэн үүргийг дүгнэн, цаашдын зорилтыг тодорхойлох, Монгол Улсын хөгжил дэвшилд улс төрийн намын үүрэг оролцоо, намуудын хөгжил төлөвшлийг үнэлэн цэгнэхэд чухал ач холбогдолтой тул улсын хэмжээнд тэмдэглэх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд Хууль тоггоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тус тус тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулан ажиллаж хүрсэн амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд чухал гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.