УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхлүүлсэн жагсаалд оролцсон иргэдээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол илэрчээ. Түүний жагсаалын улмаас төв талбайд гарын үсгээ зурах гэсэн иргэд цугларч, жагсаад байсан юм. Цагдаагийн газраас "Улсын их хурлын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа. Иймд Иргэд та бүхэн хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна" хэмээсэн билээ.
Харамсалтай нь жагсаж байсан иргэд дундаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд халдвартай иргэний ойрын хавьтал байгаа аж. Одоогоор Төв талбайг цагдаагийн хамгаалалтад авч, иргэдээс шинжилгээ авч эхлээд байна.