Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 24-ний өдөр улсын хэмжээнд 7065 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
- 16 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын давтан шинжилгээ болон БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна.
- ЭМЯ-ны нэг ажилтан мөн халдварт өртсөн. Тиймээс ЭМЯ-ны нийт 128 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариунд халдвар илрээгүй байна. Үүнтэй холбогдуулан 5 хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байгаа гэв.
Одоогийн байдлаар БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдвар, БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн голомт идэвхтэй байгаа. БЗД-ийн 2 дугаар хорооны голомтод нийт 11 хүн өвчилсөн. Тус голомтын тандалтыг хийх явцад бусад дүүрэгт оршин суудаг иргэд халдварт өртсөн тохиолдлууд байгаа.
-
Сүүлийн 1, 2 өдөрт орон нутаг руу явахаар сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс нэг хүнд коронавирус илэрсэн. Тандалтын явцад тухайн хүн батлагдсан тохиолдлын хавьтал болохыг тогтоосон.
Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн байна. Мөн ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 20 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1643 болсон бол үүнээс 1169 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 461 хүний биеийн байдлыг үнэлбэл, 1 хүний бие маш хүнд , 4 хүн хүнд, хүндэвтэр 44, хөнгөн 412 байгаа хэмээлээ.