УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.01.25/ төв талбай дээр өлсгөлөн зарлаж эхлээд байна. Тэрбээр, Рио Тинто компани "Оюу толгой"-н гэрээг сайжруулах мэдэгдэл гаргасан асуудал дээр Монгол Улсын Засгийн газар болоод УИХ нэг ч байр суурь илэрхийлэхгүй байгааг эсэргүүцэж байгаа юм. Энэ сарын 31-нд болох Арбитрын шүүх дээр "Оюу толгой"-н гэрээтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд төлөөлөх билээ.
Энэхүү өлсгөлөн зарлах болсон тухайгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өнөөдөр Монголын ард түмэн "Оюу толгой"-гоо буцааж авах алтан боломж ирлээ. Гэтэл МАН "Монголын Рио Тинто" нам болсон гэдгээ илчиллээ. Монгол Улсын Ерөнхий сайдуудыг Рио Тинто халдаг, шахдаг болсон. Ингээд МАН-ын удирдлага дээр байгаа мафийн бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа Олон Улсын шүүхэд монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна. Би энэ асуудал дээр 16 жил явж байна. 35 наснаасаа 51 нас хүртлээ зүтгэж байна" хэмээсэн юм.