Бямба гарагт ОХУ даяар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал боллоо.
Эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар жагсаалын үеэр 3300 хүнийг баривчлан саатуулсан байна.
Москвагийн эрх баригчид цар тахлын хөл хорионы дэглэмийг зөрчиж, хууль бус жагсаалд оролцохгүй байхыг иргэдэд урьдчилан анхааруулж жагсаалд оролцсон тохиолдолд шоронд хоригдох хүртэл хатуу шийтгэлтэйг сануулжээ. Гэвч уг жагсаал Оросын 100 гаруй хотод өрнөсөн нь урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээг хамарсан байна.
Нийслэл Москва хотын иргэд Пушкиний талбайд цугларсны дараа Кремлийн зүгт хөдөлж замд таарсан цагдаагийн хүч рүү цасаар нүүлгэж, хариуд нь олон хүн зодуулж, баривчлагдсан байна. Москва хотод нийт 950 гаруй тэмцэгч баривчлагдсаны дотор Навальныйн эхнэр Юлия, сөрөг хүчний идэвхтэн Любовь Соболь нар басан байна. Навальныйн хамтран зүтгэгч хэд хэдэн хүнийг жагсаал болохоос өмнө баривчилсан юм.
АНУ-ын төрийн департмент жагсагчид болон сэтгүүлчийн эсрэг хатуу тактик хэрэглэсэн Москвагийн эрх баригчдыг шүүмжилж, Навальныйг дэмжигчдийг ямар нэг нөхцөл тулгалгүйгээр даруй суллахыг уриалжээ.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеф Боррел мөн Москвагийн эрх баригчдын үйлдлийг буруутгаж, хэрхэн хариу арга хэмжээ авах талаар Даваа гарагт хэлэлцэх тухайгаа мэдэгдсэн байна.
Бямба гарагийн орой хэдэн зуун хүн Навальныйг хорьж байгаа Москвагийн өндөр хамгаалалттай шоронгийн гадна цугларсан ч цагдаа нар тэднийг хүчээр тараажээ. Навальныйн авлигатай тэмцэх хөдөлгөөний орон нутаг дахь үйл ажиллагааг хариуцдаг Леонид Волков энэ удаа орон даяар 300,000 орчим хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болохыг мэдээлсэн байна.
Тэрбээр ирэх амралтын өдөр дахин жагсаал зохион байгуулахыг иргэдэд уриалжээ. Жагсаалын урд өдөр Москва дахь АНУ-ын элчин сайдын яам вэбсайтдаа жагсаал эхлэх цаг, явах зам маршрутыг мэдээлсэн явдлаа Америкийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой гэж тайлбарласан юм. Харин ОХУ-ын гадаад хэргийн яам үүнийг Кремль рүү жагсагчдыг турхирсан үйлдэл гэж үзээд дипломат шугамаар хариу арга хэмжээ авахаа илэрхийллээ.