Ерөнхий сайд болох нь тодорхой болсон Л.Оюун-Эрдэнийн намтарт factcheck хийснийг хүргэе.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцох үеэрээ одоогоос арван жилийн өмнө хотод ирсэн хийгээд жижүүрийн ажил хийдэг байсан талаараа ярьжээ.
Тодруулбал, тухайн ярилцлагынхаа үеэр “Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдээ. Ерөөсөө арван жилийн өмнө. Сумын тамгын газарт жижүүр хийж байсан. Нэг их үгүйсгэх гэдэггүй л дээ. Би ч нэг их ярихыг боддоггүй. Зүгээр л хичээгээд л” хэмээн ярьжээ.
Түүний ярьсан агуулга цахим орчинд үнэн, худал хэмээн маргаан дагуулсан тул бид баримтыг нягталлаа.
Л.Оюун-Эрдэнэ: Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдэ. Ерөөсөө арван жилийн өмнө
Factcheck: Л.Оюун-Эрдэнэ 30-тайдаа хотод орж ирсэн гэхээр 2010 онд хотод ирсэн гэсэн үг. Гэвч түүний намтартай энэ тоо зөрж байгаа юм. Улиран сонгогдож буй гишүүний УИХ-ын Тамгын газарт өгсөн танилцуулгаас харвал 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлчээр төгссөн гэжээ. Гэхдээ түүний өгсөн мэдээллүүд дунд зөрүүтэй зүйл хэд хэд харагдав.
Тухайлбал,
2017 онд GoGo.mn сайтад өгсөн “Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн үнэтэй сургуульд сураад машингүй амьдрах хэрэгтэй” ярилцлагадаа “Бэрс” сургуулийн сэтгүүлчийн ангид 1998 онд элсэн орж, 2002 онд төгссөн гэжээ.
Түүний өөрийнх нь oyunerdene.mn сайтын намтар хэсэгт 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн гэсэн байна.
Мөн түүний Mplus-д байрлуулсан “Азийн хүлэг улс” номын тайлбарт 1980 оны зургадугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо төрсөн гэх мэдээллийг оруулсан байна.
2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр baabar.mn сайтад нийтлэгдсэн сэтгүүлч Ганчимэгийн хийсэн “Л.Оюун-Эрдэнэ: Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил аль хэдийн ирчихсэн…” ярилцлагад “Өвөө маань 2005 онд хүнд өвдөж, удалгүй бурхны орондоо явсан. Тэр үйл явдалтай зэрэгцээд манай ээж өвдсөн. Хөдөөнөөс ээжийгээ очиж аваад энэ гуравдугаар эмнэлэгт авчраад олон хоногоор сахиж хүндхэн цаг хугацааг туулсан л даа” гэсэн нь түүнийг энэ хугацаанд Улаанбаатарт байсныг гэрчлэх мэт.
Үүнээс үзвэл түүний ердөө 10 жилийн өмнө 30 настайдаа хотод ирсэн гэдэг нь эргэлзээтэй мэдээлэл болж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Сумын Тамгын газарт жижүүр хийж байсан
Factcheck: Түүний ажилласан байдалд энэ талаар мэдээлэл огт байхгүй. Дээр дурдсан УИХ-ын Тамгын газар болон өөрийнх нь албан ёсны сайтад 2001 оноос Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын даргаар ажиллаж байсан гэх мэдээлэл байхаас биш Тамгын газарт жижүүр хийж байсан талаарх мэдээлэл огт байхгүй байгаа юм. Сургууль төгссөн хугацаа болон Тамгын газрын даргаар ажиллаж байсан хугацаа нь давхцаж байгаа юм.
Тиймээс ЗГХЭГ-ын дарга нэг бол телевизийн нэвтрүүлгээр худал хэлсэн, эсвэл өөрийн цахим хуудастаа худал мэдээлэл байршуулжээ.
Эх сурвалж: Fact Check Mongolia