2017 оны 10 сарын 04-ны өдөр, Улсын их хурал:
Намрын чуулганы анхны өдөр 47 гишүүн оролцсон Улсын их хурлын чуулганы хуралдаанаар 100%-ийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов.
2018 оны 11 сарын 06-ны өдөр, У.Хүрэлсүх:
“Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан шиг байгаа. Ерөнхий сайд ажлаа хийж чаддаг байхын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард түмэн бухимдаж, Засгийн газар огцордгоороо огцорсоор байх болно.”
2019 оны 11 сарын 14, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт:
Засгийн газрыг кабинетын зарчмаар ажилладаг болгохын тулд Үндсэн хуулийн Гучин ес дүгээр зүйлд 4 дэх хэсгийг дараах байдлаар нэмж оруулав
“4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.”
2021 оны 11 сарын 21, тайван жагсаалд нэгдсэн иргэд:
Хүний эрхийг уландаа гишгэж, амаржаад 24 цагч болоогүй нялх биетэй эхийг углааштай, халаадтай нь төрөхийн эмнэлгээс ХӨСҮТ-рүү “ачсан” Улсын онцгой комисс хүнтэй ингэж хүнлэг бус харьцаж буйн төлөө хариуцлага хүлээ. УОК огцор.
2021 оны 11 сарын 22, У.Хүрэлсүх:
Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж танхимаараа огцрох саналыг Улсын их хуралд оруулж, УИХ-ын гишүүдийн 95.2 хувийн саналаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд болон түүний кабинет болох Засгийн газар огцорлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны 11 сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2-т зааснаар “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан байдаг.
Ердөө 24 цагийн дотор эрчээ аван өрнөсөн мэт харагдах энэ “улс төр”-ийг үзэж суугаа иргэд өөрсдөө бараг цочролд орлоо. У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг яриа эртнээс л яригдаж байв. Харин энэ нийтлэлийн эхэн хэсэгт он цагийн дарааллаар тайлбарласан зүйлс У.Хүрэлсүхийг хариуцлага хүлээх гэсэндээ биш харин ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ хийх гэсэндээ бүхэл бүтэн кабинет ээ золиослон байж, Үндсэн хуульд оруулсан гол реформын өөрчлөлтөө үл хэрэгсэн байж улс төр хийж байгааг илтгэх мэт.
Хоёрхон жилийн өмнө шахуу өөрийгөө “шүдгүй арслан” гэж, засгийн газар улс төрийн нөлөөгөөр огцроод байгаа тухай гомдоллож байсансан. Түүнийг шүдтэй арслан “болгож” Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4-т зааснаар хэрвээ Засгийн газрын аль нэг гишүүн буюу кабинетын гишүүн нь хууль зүйн, улс төрийн, эсвэл ёс суртахууны аль нь бай шалтгаанаар Засгийн газрын гишүүн, сайд байх ёсгүй гэвэл Ерөнхий сайд зөвхөн тухайн сайдыг чөлөөлж, кабинет хэвээрээ үлдэж, түүний бодлого, үйл ажиллагаа мөн хэвээрээ, тогтвортой үргэлжлэх ёстой ажээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн бөгөөд гол өөрчлөлтүүдийн нэг байв.
Өөрөөр хэлбэл, ганцхан түүнийг шүдтэй болгохдоо ч биш, ер нь Ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалын тэргүүн байдаг улсын хувьд гүйцэтгэх засаглалыг кабинетын зарчмаар ажиллах боломж, нөхцөлийг олгох нь сонгодог бүтэц бөгөөд манай улс уг нь энэ сонгодог бүтцийг амжилттайгаар Үндсэн хуульд баталгаажуулжээ.
Харин Улсын онцгой комиссоос хариуцлага нэхсэн иргэдийн тайван жагсаалаар хоёр сайд нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байхад гэнэт л “эморч” буй мэт кабинетын тэргүүн Ерөнхий сайд нь кабинетээрээ огцрох санал гаргасанд хэн хүнгүй гайхлаа.
Улсын их хурлын гишүүд хариуцлага тооцох гэж огцруулах гэж хэлэлцэж байхдаа хамгийн хариуцлагатай үлгэр жишээ ерөнхий сайд та байлаа гэж “долоож” байгаа нь ёстой л сэтгэл татам ч юм шиг, үзэн ядам ч юм шиг л байлаа.
Тэрээр огцрохдоо “Хариуцлага үүрч явснаас биш зугтааж явсангүй. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч яваа байдлыг хараад миний охин, эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод үнэхээр сэтгэл эмзэглэсэн.” гэж хэлсэн байдаг.
Иргэд нь бүтэн 1 жил эх орондоо орох эрхгүй гадаад улсад гацаж байхад, иргэн нь эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй олон цаг өвчиндөө шаналж эмнэлэгт хүргэж өгөхийг хүссээр, гуйсаар 22-ын товчоон дээр амь тавьж байхад, иргэд нь мөн л УОК-ын новшийн шийдвэрээс болж хүүхэд, хөгшидгүй 40 гаруулаа автобусанд хонож, бие засах эрхээ ч хасуулан эцэст нь автобусан дотроо нэг, нэгнийхээ хажууд хувинд ээлжлэн бие засаж байхад таны “эмзэг” сэтгэл хаана байв аа, У.Хүрэлсүх ээ.
Өнгөрсөн 2 өдрийн дотор болж өнгөрсөн явдлуудаас хамгийн гэгээлэг, хамгийн бахархмаар зүйл нь 2021 оны 01 сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбай дээр болсон иргэдийн тайван цугларалт байв. Зуу, зуун, мянга, мянган залуучууд сайн дураараа цуглаж, хамт жагсаж байгаа нэгэндээ солих амны хаалт, халуун уух зүйл үнэгүй тарааж, мөн хэт дэвэргэх гэсэн нэгнээс бөөнөөрөө зайгаа барьж, эцэст нь “цугларалт”-аа дуусаад хогоо цэмбийтэл нь түүгээд тарцгаав. Энэ л гэрэл гэгээ, итгэл найдвар байлаа.
Мэдээж, “адуу хүртэл нутгаа гэдэг” гэж “эморох” атлаа иргэн нь Алтанбулаг хилийн боомт дээр ирчхээд байхад нь оруулахгүй “no-man’s-land” буюу аль ч улсад үл хамаарах газарт хонуулчихсан, аймаг бүрт ядаж нэг PCR шинжилгээний цэг байгуулчхаа ч үгүй байж гурван тэрбумаар усан оргилуур барьж, гурван тэрбумаар наадамлачихсан, бүтэн жил иргэддээ хилээ нээгээгүй, КОВИД-19-өөр л биш бол гээд иргэдээ хүнд нөхцөлд орхиж амь насыг нь үрэгдүүлсэн гээд цаашаа ч урт үргэлжлэх энэ бүх асуудалдаа У.Хүрэлсүх огцрохоос ч илүү хариуцлага хүлээх ёстой.
Харин бид худ “бой” Хүрэлсүхийн ёс зүйтэй улс төрчийн дүрд тоглож, ерөнхийлөгчид нэр дэвших сунгаандаа оноо цуглуулах гэсэн тоглоомд нь хууртахгүй байхаар хэрсүүжсэн болохоо энэ оны ЗУРГАДУГААР сард харуулах бизээ.
Б.МЯГМАРДОРЖ