2021 оны 1-р сарын 21-нд Монгол улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газар УИХ-ын гишүүдийн 95.2 хувийн саналаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
У.Хүрэлсүх огцрохынхоо өмнө хэлсэн үгийг сонсвол ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД нэр дэвших нь тодорхой харагдав. Түүний хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг эшлэн хүргэвэл:
1. Манай улсын иргэдээ, та бүхэнд хандаж, Ерөнхий сайд таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйл явдал болсон. Би эцэг хүн. Энэ үйл явдал эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд сэтгэлийг маань эмзэглүүлсэн үйл явдал болсон. Ийм хариуцлагагүй байдал гаргасан нөхдийн өмнөөс тэр эмэгтэйн ар гэр, иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.
2. Цар тахлын төлөө тэмцэж байгаа, өдөр шөнөгүй, нойр хоолгүй, цаг наргүй цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүстээ талархаж байна. Гэхдээ бас хариуцлага алдаж, зарим хариуцлага хүмүүсээс бол нэгэн эмэгтэйд хүнлэг бус хандсан. Алдаа гарвал төр засаг үүрч чаддаг байх ёстой. Би үүнийг байнга сануулж ирсэн ч бид тэр эмэгтэйг элэг шимшрэм байдалтай авч явсанд дахин гүнээ хүлцэл өчиж байна. Энэ алдаанаас болж хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн дайны галд хамт олонтойгоо орж, бөхдөг. Тиймээс би элэг бүтэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн ч харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Саяны болсон үйл явдлын талаар иргэд, залуучууд талбай дээр цуглаж, хариуцлагагүй байгаагаа илэрхийлж, жагсаал хийсэн. Энэ маш зөв зүйл байсан. Ерөнхий сайдаасаа хариуцлага нэхсэнийг би үүрч байна.
3. Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймэн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид гудамж, талбайн жагсаалыг зохион байгуулалттай хийж, Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгож, ард түмнийг өдөөн турхирахыг үгүйсгэхгүй гэж бодож байна. Би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн институт хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий, үүнээс болж олон нийтийг хамарсан үймэн самуун үүсч, Монгол хүний амь нас хохирох вий гэхээс урьдчилсан сэргийлж байна.
4. Зөвхөн өөрийнхөө сонгуульд зориулсан улс төрийн оноо авах гэсэн, ард түмний сэтгэл санааг үймүүлсэн ийм мэдээ, мэдээллүүдийг өөрийн харьяа хэвлэлээр дамжуулж явуулж байгаа.Цаашид Монгол Улсын ард түмний эрх ашгийг хамгаалах хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Дээрээс нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаа.
5. Би улс төрөөс явахгүй. Надад итгэл хүлээлгэж, намайг дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байх, Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. АТГ нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн үгийг эрс няцаав. Үүнээс харахад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй тэдний тулаан олны өмнө ийнхүү ил боллоо.
1. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.
2. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.
3. Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан.
4. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж байгаа.
5. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.