Өнөөдөр засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ хэлэлцэв. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үгийг хүргэж байна .УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө нүд цавчилгүй ажиллана гэсэн ч цөөн хэдэн хүний үйлдлээс болж, Монгол төрийн нэр сэвтэж байна. Цар тахлын үед эрүүл мэндээ золиосолсон мянга, мянган төрийн албан хаагчдыг баллуурдлаа. Энэ танхимаас хариуцлага, сахилга эхлэх ёстойг эхлүүлж байна. Монгол төрийн тэргүүн орж ирээд шүүхийн тогтоол уншив уу, би гайхлаа. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь жагсаалд төрийн институцийн хувьд оролцсон гэж нотолгоотой, баталгаатай мэдэгдэл хийсэн. Би бол Монгол ялаагүй, ялагдсан юм байна гэж бодож байна. Чоно борооноор гэдэг шиг улс төрийн ашиг хонжоог харж байгаа ийм нөхцөл байдлыг бий болгож байгаад би харамсч байна. Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт хийгээд, бэх нь хатаагүй байна. Шүүхийн хууль, Авлигын хуулиудыг дохио зангаагаар ажиллуулдгыг болиулахаар хууль баталсан ч хориг тавиад буцааж байна. Тиймээс шударга ёсны төлөөх тэмцэл үргэлжилж, үргэлжлүүлж, эрчимжүүлэх ёстой юм байна гэдгийг Ерөнхий сайдад хэлмээр байна. Энэ тэмцэл цаашид үргэлжлэх ёстойг ойлгож, мэдэрч байна. Бидний тусгаар тогтнол, аюулгүй байдал их эмзэг байна.