Нийслэлд бүртгэгдсэн коронавируст халдварын хэд хэдэн том кластер өвчлөлийн дэлгэрэнгүйг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тодруулбал,
- Иргэн Д-ийн голомтоос гэр бүл, үзвэр үйлчилгээ, караоке, буяны ажил, найз нөхдийн хүрээнд нийт 48 тохиолдол бүртгэгдсэн.
- Төмөр замын голомтоос гурван байршилд 16 тохиолдол,
- ЭС-ийн голомтоос гурван байршилд найз нөхөд, гэр бүлийн хүрээнд 58 тохиолдол,
- БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос есөн байршилд нийт 387 тохиолдол бүртгэгдсэн. Дээрх голомтоос үүсэлтэйгээр гэр бүлийн хавьтлаар “Тэнүүн огоо”, ХСҮТ зэрэг хэд, хэдэн шалтгаант голомт үүсэж 357 тохиолдол бүртгэгдсэн юм.
- “Ачтан” эмнэлэгтэй холбоотой голомтоос дөрвөн байршилд 72 тохиолдол,
- “Мөнххада” компаниас ажлын болон гэр бүлийн гэсэн хоёр байршилд 28 тохиолдол,
- Баянгол дүүргийн таван орон сууцад 16 тохиолдол,
- Баянзүрх дүүргийн 17 дугаар хороотой холбоотой голомтот 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Үндсэндээ Улаанбаатар хотод гарсан дээрх найман том кластер голомтын хариу арга хэмжээ оновчтой болж, голомтуудын хүрээ хязгаар хяналтад орсон бөгөөд сүүлийн 7-24 хоногт халдвар бүртгэгдээгүй байгаа.
Одоо нийслэлд идэвхтэй хоёр голомт бий. Үүний нэг нь "Монос" компанийн голомт байна. Уг голомт өндөр идэвхжилтэй явагдаж байгаа бөгөөд тус голомтоос үүдэлтэйгээр ажилтан, засвар хийж байсан иргэн, тэдгээрийн гэр бүлийн хавьтлуудыг оруулаад нийт 40 тохиолдол бүртгэгдээд байна.
Хоёр дахь нь, Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт идэвхжилтэй байгаа бөгөөд ажилтан, гэр бүлийн хүмүүсээс нийтдээ 17 хүн халдвар аваад байна. Дээрх хоёр голомт нь идэвхжилттэй байгаа голомтоос халдвар цааш үргэлжилж байна" гэв.
Түүнчлэн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Нийслэл хотоос гадна зургаан аймагт бүртгэгдсэн халдварын голомт бүрэн хяналтад орж, цомхотгосон гэж үзэж болно. Учир нь тархвар судлалын хоёр нууц үеийн хугацаа дууссан байна” гэдгийг онцоллоо.