Г.Занданшатар: Хэдийгээр хүнд хэцүү цаг үе тохиож байгаа ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.20) нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтоолоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бусаар хандсан талаар Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдээс мэдэгдэл гаргасныг чуулганы нэгдсэн хуралдааны эхэн танилцуулж, уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, энэ асуудлаар Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдээс мэдэгдэл гаргаж, цар тахлын үед онцгой дэглэмийн горимыг мөрдүүлэхдээ хүнлэг бусаар, хүний эрхийг зөрчиж харьцсанд харамсал илэрхийлж, уучлал гуйжээ. Мөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан байна.
Өнөөдөр хэдийгээр хүнд хэцүү цаг үе тохиож байгаа ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй. Өчигдөр Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан короновирусийн халдвартай ээжид гаргасан хүнлэг бус хандлага, бүдүүлэг алдааг бид тэвчиж дуугүй өнгөрөх ёсгүй. Халдвар дотооддоо алдаад байгаа энэ цаг үед халдвар хэнд ч халдаж болно. Энэ үйл явдал нийгмийг бүхэлд нь цочроолоо. Сэтгэл, ухаан дутсан, ажилдаа хүйтэн цэвдэг хандаж байгаа дүр зурагтай эвлэрэх учиргүй. Энэ асуудлаар Улсын онцгой комисст шаардлага тавьсан, ярьсан. УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг чиглэл өгч ажиллаж буйгаа мэдэгдсэн.
Энэ хүнд цаг үед ч төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн, үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлэх шаардлагатай болсныг энэ жишээ харуулж байна. Тиймээс хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, нийгмийн хүлээлтэд шударга хандахыг чухалчлан анхаарах ёстой.
Шинээр төрсөн ээжээс, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Монголын төр ард иргэдийнхээ төлөө тасралтгүй шударга ажиллах үүрэгтэй. Энэ талаар УОК анхаарч ажиллахыг Шадар сайдад анхааруулсан. Үүнийг улстөржүүлж болохгүй гээд хариуцлага сахилгыг хаана хаанаа сайжруулж, иргэнээ дээдэлж, Үндсэн хуулиа сахиж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтнууд, нийт албан хаагчдад онцгойлон анхааруулж буйгаа мэдэгдлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т гишүүн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлэх, мөн зүйлийн 13.5-д хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр тус тус заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх саналаа бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдааны эхэнд уншиж танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, өнгөрсөн оны 12 дугаар сард Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан тэргүүтэй гишүүд Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Байнгын хорооны дарга нар хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй дураараа хойшлуулж байгаа тул Улсын Их Хурлын дарга энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсэв.
Гишүүний саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүний хууль санаачлах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстойг онцлоод гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороод тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэж байхыг сануулав.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолыг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр авахаар тусгажээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир нар Байнгын хорооны дарга болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг дангаар нь зохион байгуулж явуулахад 28 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай, харин Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэг тэрбум орчим төгрөг шаардагдах тооцоо гарсан. Иймээс зардал хэмнэх үүднээс Улсын Их Хурлын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.1 хувь нь дэмжсэнээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан юм.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан, Н.Алтанхуяг, Ж.Мөнхбат нар Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дээрх хуулийн төсөл нь банк, түүний харилцагч хоорондын асуудлыг хөндөж байгаа учраас Монголбанкны мэдээллийг сонсож нэгдсэн ойлголттой болох, бүлэг дээрээ сайн ярилцаж байр сууриа нэгтгэх, түүнчлэн Байнгын хороо, ажлын хэсгийн хүрээнд дахин сайтар нягтлах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага аваад байв.
Намын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 23 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 4.2 дахь хэсгийг “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна." гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу 3.1.20 дахь заалтыг “банкны системд нөлөө бүхий банк" гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг”гэж тус тус өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн төслийн 2 дугаар зүйлийн "30.3 дахь хэсгийн “бүрэн эрхт төлөөлөгчийн" гэсний дараа “оролцоо", “саналаар” гэсний дараа "хурал, хурлын шийдвэр” гэж" гэснийг “банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.” гэж өөрчлөн найруулж, 2 дугаар зүйлээс хасаж 3 дугаар зүйлд шилжүүлэхээр тогтов.
Төслийн 2 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын "хувьцаа эзэмшигчийг" гэсний дараа “банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн эрхийг шууд бусаар хэрэгжүүлдэг этгээдийг;” гэж," гэснийг “3.1.12."банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг;" гэж өөрчлөн найруулах саналыг дэмжив. Харин төслийн 2 дугаар зүйлийн "3.1.16 дахь заалтын “хяналт шалгалтаар” гэсний дараа "банкны зохистой засаглал алдагдсан буюу" гэж," гэснийг “3.1.1б.“банкны нөхцөлт удирдлага" гэж Монголбанкны хяналт шалгалтаар банкны зохистой засаглал алдагдсан, эсхүл банк богино хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. эсхүл банкны удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд, албан тушаалтан хуулийг ноцтой зөрчсөн нь банкны үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсгэсэн, эсхүл банк их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл нэмэгдсэн, төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү. үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;” хэмээн өөрчлөн найруулж, 2 дугаар зүйлээс хасаж 3 дугаар зүйлд шилжүүлэхээр тогтов.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 36 дугаар зүйлийн 36.3-36.11 дэх хэсгийг өөрчлөн найруулж, дугаарыг өөрчлөх, мөн зүйлийн 8 дахь заалт буюу 27.1.2 дахь заалтыг "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн тухай Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол;” гэж өөрчлөн найруулахаар боллоо. Түүнчлэн уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх ажлын хэсгийн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Байнгын хорооны ажлын хэсэг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал гаргасан нь дэмжигдлээ. Тухайлбал, банк нь Банкны тухай хуулийн 4.2 болон 36.1-д заасан шаардлагыг хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг баталж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх, банкнаас ирүүлсэн төлөвлөгөө нь хэрэгжих боломж хязгаарлагдмал, үндэслэлгүй, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан журмын шаардлага хангаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн Монголбанкны шаардсанаар банк төлөвлөгөөг өөрчлөхөөр тусгалаа.
Түүнчлэн банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батлах зохицуулалтыг дэмжив. Мөн энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байх, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй банк нь Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байхаар зохицуулсан байна. Монголбанк энэ хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй банкинд энэ зүйлд заасан арга хэмжээг авахдаа тухайн зөрчил, дутагдал, үүссэн нөхцөл байдал, шаардлагад тохирсон арга хэмжээ авахаар зохицуулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь дэмжив.
Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
АН-ын бүлэг дахин завсарлага авч, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат анх өргөн баригдсан төсөлд зарчмын шинжтэй нэлээд өөрчлөлт орсон учраас төсөл санаачлагчийн байр суурийг намын бүлэг сонсож ярилцах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс гурав хоногийн завсарлага аваад байсан юм.
Завсарлагын хугацаатай холбогдуулан тус намын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацаанд хуулийн төслийг нягталж хэлэлцсэн, гэвч дахин нягтлах, байр сууриа нэгтгэх шаардлагатай асуудлууд байгаа тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгээс дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Намын бүлгийн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын дарга тус бүлэгт гурав хоногийн завсарлага өгч буйгаа мэдэгдээд хуулийн төслийн маргаантай асуудлуудыг нэг мөр болгож сайтар хэлэлцэж нягтлан зөвшилцөлд хүрч байж батлах ёстой. Иймээс хуулийн төслийг зах зээлийн зарчим, Үндсэн хууль болон Иргэний хуулийн агуулга, үзэл санаанд нийцүүлэхэд анхаарч ажиллахыг Байнгын хороо, ажлын хэсэг, намын бүлгүүдэд үүрэг болголоо. Байнгын хорооны ажлын хэсгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 131 санал, найруулгын шинжтэй 5 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 16 санал гаргасан байна.
Дараа нь чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд үндэсний болон улсын музей төрийн хамгаалалтад байх, Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах, музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 8 жилийн хугацаагаар олгох, Засгийн газар төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоох, мөн музейн санхүүжилт, музейн сан хөмрөгт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах үзмэрийн үнэлгээ, соёлын өвд хамаарах үзмэрийг судлах, сурталчлах зорилгоор музей хооронд түр солилцох зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасан байна.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 29 саналын томьёолол тус бүрээр нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.
Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслинй талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл танилцуулав.
Патентын тухай хуулийг анх 1993 онд баталж, уг хуульд 1996, 1999 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд нийгэм, эдийн засгийн харилцааны шинэчлэлтэй уялдуулан 2006 онд шинэчлэн найруулжээ. Харин 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Иймээс хуулиуд хооронд зөрчил, хийдэл үүсгэхгүй байх үүднээс 2006 онд батлагдсан Патентын тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн шинэчлэх шаардлага үүсчээ.
Монгол Улс Патентын тухай хуультай хэдий ч хуулиар зохицуулах шаардлагатай зарим харилцааг зохицуулалгүй орхигдуулсан, хуулийн зүйл, заалтууд өөр хоорондоо зөрчилтэй, түүнчлэн патент, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, олон улсад тогтсон практикт нийцээгүй зэрэг асуудал тулгарч байгаа. Тухайлбал, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар гэсэн тус тусын онцлог бүхий бүтээлүүдийн ялгааг үл харгалзан хуульд нэг стандартаар зохицуулсан, мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийхтэй холбоотой зохицуулалт олон улсын практикт нийцтэй бус, түүнчлэн патентыг албадан лицензээр ашиглах асуудал тодорхой бус, патенттай холбоотой олон улсын мэдүүлэг гаргах, хүлээн авах зохицуулалт нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт заасан стандарт, шаардлагыг хангахгүй байгаа аж.
Эдгээр нөхцөлийг харгалзан Улсын Их Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Патентын тухай хуульд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентын эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгох” гэж тусгасны дагуу Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэгтэй бөгөөд төсөлд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлууд, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Мөн хуулийн зарим нэр томьёоны (шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээлийн түвшин агуулсан, зохиогч зэрэг) тодорхойлолт нь оновчгүй, ойлгомжгүй, эсхүл давхардсан агуулгаар тодорхойлогдсоныг бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээтэй нийцүүлэн шинэчилжээ.
Түүнчлэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Патентын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний холбогдох зохицуулалттай нийцүүлэх, оюуны өмчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагад тулгуурлан түүний эрх хэмжээ, чиг үүрэгтэй холбоотой нарийвчлах, патентын харилцаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг тодорхой тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрэээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилов
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Нэр дэвшигч Б.Батдаваа нь 1984 онд төрсөн, 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайванийн Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг тус тус төгссөн. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа аж.
Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хуулийн шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулгадаа дурдав.
Мөн Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан, О.Цогтгэрэл, Т.Доржханд нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэнээр Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилов. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.