Өчигдөр Өргөө амаржих газарт амаржаад коронавирусийн халдвартай нь батлагдсан нялх биетэй эмэгтэйг нярай хүүхдийнх нь хамт ХӨСҮТ рүү зөөвөрлөсөн. Ингэхдээ эмэгтэйг таавчик, халааттай нь зөөсөн, хүйтэн машинд суулгасан зэрэг нь хүмүүсийн эгдүүцлийг хүргээд буй. Нялх биетэй, нярай хүүхдийг хүнлэг бусаар зөөвөрлөсөн эл үйлдлийг иргэд эсэргүүцэж, төв талбайд жагссаар байна.
Өргөө амаржих газарт амаржсан эмэгтэйн төрсөн дүү Б.Энхдалай өөрийн фэйсбүүк хаягаараа лайв хийж, болсон явдлын талаар ярилаа.
Тэрээр хэлэхдээ, "Манай эгч төрөхийнхөө өмнө нөхрийн хамт нэгдүгээр төрөх эмнэлэгт очсон. Хоёулаа шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан. Нөхөр нь манай эгчийг эмнэлэгт хүргэж өгөхөд, ахин манай эгчээс шинжилгээ авсан. Бид удалгүй сайхан мэдээ дуулсан. Нөхөр нь утасдаад манай гэр бүл ахин нэг хүүтэй боллоо гэсэн. Бид маш их баяр хөөртэй байсан. Гэтэл өчигдөр 12 цагийн үед хүргэн ах маань залгаад манай байрнаас коронавирус илэрсэн байна. Тиймээс шинжилгээ хийж байна гэсэн. ХӨСҮТ-ийнхэн ирж байр орцыг тусгаарлаж байна гэсэн. Тэгээд тэдний гэр бүлээс ахин шинжилгээ авахад манай хүргэн ахаас коронавирус илэрсэн. Тэгээд нөхрөөс нь илэрсэн учраас гээд эмнэлэг рүү холбогдож, манай эгчээс шинжилгээ авсан. Тэгээд эерэг гарсан гэж УОК мэдээлээд байгаа. Миний гайхаж байгаа нэг асуудал бол төрөхөд очиход шинжилгээний хариу сөрөг гараад эмнэлэг хүлээж авсан. Эерэг гарсан жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэгт очоогүй ээ. Эгчийг маань тусгаарлах болсон тухай мэдээг бид сонсоод их гайхаж хүлээж авсан. Гэтэл тэр орой нь олон нийтийг сэрдхийлгэсэн үйл явдал болсон.
Хамгийн ихээр манай гэр бүлийнхний гомдож байгаа зүйл бол эгчийг маань эмнэлэгт өмсөж байсан нимгэн оймс углааш, дан өмд, халаадтай нь гадаа гаргасан. Эмнэлгийн гаднаас ХӨСҮТ-ийн машинд суулгасан дүрс бичлэгийг хүмүүс үзсэн байх. Үүгээр зогсохгүй ХӨСҮТ-д хүргээд гадна ослын шатаар 4 давхар хүртэл өгсүүлж алхуулаад эмнэлэгт оруулсан байгаа юм. Үүнийг эгч маань надад утсаар хэлсэн. Манай гэр бүлээс, миний зүгээс эгчийгээ маш тайван байгаарай гэж хэлж, байнгын холбоотой байгаа. Яагаад гэвэл миний эгч сэтгэл зүйн маш дарамтад орж, хүнд байгаа. Эгч маань ХӨСҮТ-д очоод сүү орохгүй байна гэсэн" гэв.