Коронавирустэй холбоотой УОК, ЭМЯ, ЗГ-аас гаргаж буй шийдвэр, уялдаа холбоогүй ажлуудыг иргэд эсэргүүцэж төв талбай дээр жагссаар байна. Жагсаалд оролцож буй иргэн Э.Одбаяраас байр суурийг нь сонслоо.
Тэрээр, Дорвитой шийдвэрүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлээгүйгээс ийм үр дүнд хүрлээ. Нялх биетэй эмэгтэйг шилжүүлэн зөөвөрлөх үед хүний эрхийн маш том зөрчил гарсан. Энэ бол зөвхөн ил гарсан нь болохоос биш хоцрогдсон бүдүүлэг үйл ажиллагаа өдөр болгон явагдаж байгаа. Цаашлаад ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэх иргэдэд эсрэг биетний шинжилгээг заавал хийх ёстой. Халдвар аваагүй, өвдөөгүй иргэдийг эмчилж байгаа гэсэн ноцтой асуудлууд яригдаж байгаа. Өчигдрийн нярай хүүхэдтэй эхийн цусны шинжилгээ эцсийн байдлаар халдвартай эсэхийг баталгаажуулах хэрэгтэй. Хяналтын шинжилгээгээр наймаас дөрвөн хүн нь эрүүл байсан гэх асуудлууд яригдаж байна. Мөн ЗГ болон УОК ковид цар тахалтай холбогдуулан урт нэртэй хууль батлан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, амьд явах эрхэнд ноцтой халдсан. Тиймээс уг хуулийг эргэн харах, хүний эрхээс гажууд зүйл байна уу, үгүй юу гэдгийг нягтлах хэрэгтэй.