Коронавирустэй холбоотой УОК, ЭМЯ, ЗГ-аас гаргаж буй шийдвэр, уялдаа холбоогүй ажлуудыг иргэд эсэргүүцэж төв талбай дээр жагссаар байна. Жагсаалд оролцож буй иргэн ярихдаа, "Ямар нэгэн жагсаал цуглаан үүсэх юм бол энэ жагсаал цуглааны ард ямар нэгэн санхүүжилт байх ёстой. Ямар нэгэн намын зохион байгуулалтаар хийж байгаа гэж үргэлж үгүйсгэдэг. Сонгуулийн үеэр намаас мөнгө аваад хэдэн мянган хүн зогсдог бол өнөөдөр жагсаал хийж байгаа хүмүүс цөөхөн хэдэн ээжүүд л байна. Энд ирье гээд ирж чадахгүй олон мянган ээжүүд гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Миний бухимдаж байгаа зүйл хоёр сарын хугацаанд улсын онцгой комисс юу ч хийсэнгүй. Бид нар сайн ажиллаж байна гээд нэг л их захирамж, хууль тогтоол ярьсан, коронавирусын халдвар Монголд орж ирэхэд бэлтгэлтэй байгаа л гээд байсан. Гэвч өнөөдөр шат шатандаа үйлчилгээ ямар байгаа билээ. Хэлдэг үг нь нөгөө л хэвлэлийн бага хурлаар энэ хүнд арга хэмжээ авна, бид доод тушаалтандаа арга хэмжээ авна гээд л чимээгүй болдог. Энд ирээд үзэл бодлоо илэрхийлэх хүн байхгүй болохоор энэ хүмүүс чинь дээрээ хэдэн хууль журам баталчхаад цагдаа нараар айлгаад сууж байна. Улс орон хууль тогтоомж батлахдаа ард түмнийхээ эрүүл мэнд, хүний эрхийн бүх талаас нь анхаарч хууль баталдаг биз дээ. Коронавирусын халдвараар үхсэн хүн гэж би сонсоогүй.
Маш олон хавдартай, ханиадаар үхсэн хүн байхад өглөө болгон 11:00 цагийн мэдээгээр ажлаа сайн хийж байна л гэдэг. Эмнэлэг ч тэр бүх үе шатандаа хээл хахуул болчихсон болохоор би өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх гэж энд ирж зогсож байна. Мөн дээрээс нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг олон хүн байгаа. Энэ хүмүүс өнөөдөр маш хүнд байдалтай байна. Төрийн эрх баригчид бидэнд ямар нэгэн дорвитой шийд өгөх ёстой. Тэр болтол би явахгүй.