Нэгдүгээр төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг таавчик, халаадтай, дэрээр амыг нь таглан эмнэлгээс тусгаарлахаар авч явж буй бичлэг олон нийтэд цацагдаж, олны эсэргүүцэл эгдүүцлийг хүргээд байна. Үүнээс үүдэж, Иргэн А.Отгонбаатар УОК-ын дарга Я. Содбаатарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардан халаад болон тавчиктай төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Тэрээр хэлэхдээ "Дөнгөж амаржсан нялх биетэй эмэгтэйг нимгэн халаад, тавчиктай эмнэлгээс гаргасан үйлдэл нь хүнлэг бус байлаа. Энэ нь дүрэм журмыг баталдаг төрийн алдаа. Яагаад гэвэл короновирустай эх амаржвал хэрхэн тусгаарлах, тээвэрлэх талаар дүрэм журмыг УОК аль эрт гаргах ёстой байсан. Тиймээс энэ бол УОК-ын удирдлагын алдаа. Халдвартай гэх эмэгтэй энэхүү үйл явдлаас үүдэн сав нь халуурах, сэтгэцийн эмгэгтэй болбол Я.Содбаатарын уучлал хэнд хэрэгтэй юм. Түүний уучлал гуйсан үйлдэл нь харууслынх бус албан тушаалдаа үлдэхийн төлөө гэж харж байна. Гаднын улсад уучлал гуйгаад ажлаа өгдөг бол манайд албан тушаалдаа үлддэг. Тиймээс УОК-ыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна. Хоёрдугаарт зуун жилийн түүхтэй МАН-д жижиг дунд үйлдвэрлэлийн хулгайчаас өөр шадар сайт хийчих хүн алга уу. Ингэтлээ боловсон хүчний хомстолд орчихсон юм уу? та бидний мэдэж байгаачлан өмнө нь нэг иргэн 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй өөд болсон. Тэрхүү үйл явдлын дараа уучлал гуйгаад л өнгөрсөн. Гэтэл тэнд халдвартай бүсээс эмнэлгийн тусламж авахаар ирсэн иргэнд хэрхэн эмнэлгийн тусламж үзүүлэх талаар УОК зааварчилгаар гаргах байсан. Зааварчилгааны дагуу иргэнд эмнэлгийн тусламж үзүүлээд амийг нь аврах ёстой. Тиймээс шударга, ард түмний төлөө ажиллаж чадах хүнийг УОК-ын даргаар томилмоор байна. Хэрвээ тэр эмэгтэй сайд дарга нарын бэр, охин, эхнэр нь байсан бол ийм байдалтай эмнэлгээс гаргахгүй. Гэтэл энэ улсын 80 хувь нь дундаас доош давхаргын амьдралтай хүмүүс бий. Ийм иргэнд яаж дураараа, хайнга ханддаг гэдгийг төр засаг үзүүлж байгаа юм. Би ч тэдэнтэй ижил амьдралтай, миний эхнэр ч бие давхар. Эхнэрийг маань амаржихад ийм хандлагатай байх вий гэсэндээ болгоомжилж байна. Яагаад ар гэрт нь энэ хүнийг тусгаарлах гээд байна гэж хэлээд дулаан хувцсыг нь захиж хэлсэнгүй вэ? Ийм журам яагаад гаргасангүй вэ? Энэ 100 хувь УОК-ын дарга Я. Содбаатарын буруу. Төрийн албан хаагчид хариуцлага үүрүүлээд зогсмооргүй байна” хэмээлээ.