Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 19-ний өдөр улсын хэмжээнд 13318 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс коронавирусийн халдварт өртсөн. Тухайн байрнаас батлагдсан тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас тандалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй ажилтныг шинжилгээнд хамруулсан ба одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байна. "Монос" эмийн сантай холбоотойгоор тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1568 болсон бол үүнээс 1043 хүн эдгэсэн байна. Эмчлэгдэж байгаа 523 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 48, хөнгөн 466 байгаа гэв.