Нэгдүгээр төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг таавчик, халаадтай, дэрээр амыг нь таглан эмнэлгээс тусгаарлахаар авч явж буй бичлэг олон нийтэд цацагдаж, олны эсэргүүцэл эгдүүцлийг хүргээд байна. Үүнээс үүдэж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр шөнө цахимаар шуурхай хуралдаж, Өргөө амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцох үүрэг даалгаврыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатарт даалгасан юм. Өргөө амаржих газрын мэргэжилтнүүд ч буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Харин эл үйл явдалтай холбоотойгоор шадар сайд Я.Содбаатар өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ.
“Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэйн болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна.Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.Бид хатдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж, ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хэчнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар, хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа ба цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна” гэв.
Я.Содбаатарын эл үйлдэл нь гүйцэтгэх шатанд алдаа гарсан хэмээн албан ёсоор мэдэгдэж, өөрсдөөсөө хариуцлагыг холдуулж буй хоёр дахь тохиолдол болж байгаа юм.