Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн тус хуулийн чухал заалтуудыг ОНЦЛОН хүргэе.
-
ДААТГУУЛАГЧИД ШААРДЛАГАТАЙ ЗАРДЛАА ЭМД-ЫН САНГААС ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд буй шинэ хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай даатгуулагчид тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөхөө больсон юм. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдсэн байна.
-
ЭМНЭЛГҮҮД ЭЗЭМШИЛ ҮЛ ХАРГАЛЗАН ГҮЙЦЭТГЭЛЭЭРЭЭ САНХҮҮЖИЛТ АВДАГ БОЛНО
Шинэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд ЭМД-ын байгууллага стратегийн худалдан авагч болж байна. Хуучин мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд өвчтөний оношоос хамааран зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг төрөөс даадаг бол зарим тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас хариуцдаг. Тэгвэл шинэчилсэн хуулийн хүрээнд төр даах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сан руу шилжүүлжээ. Ингэснээр ЭМД-ын байгууллага төрөөс болон даатгалын сангаас хариуцдаг бүх тусламж, үйлчилгээнд нэгдсэн хяналт тавьж, тухайн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг нь даатгуулагчид Олон Улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн бол гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явах юм. Өөрөөр хэлбэл, ЭМД-ын сангаас даатгуулагчид үзүүлсэн бүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлнэ гэсэн үг.
-
ЭМНЭЛГҮҮД ДААТГУУЛАГЧИЙН ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ОНОШООР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
ЭМДЕГ эмнэлгүүдтэй гэрээ хийхдээ магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ байгуулаад, батлагдсан орны тоо, хүчин чадал, үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэр төрөлд үндэслэн даатгалын сангаас санхүүжилтийг үзүүлдэг байв. Тэгвэл шинэ хуулийн өөрчлөлтөөр даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн оношоор үйлчлэх зохицуулалт оруулжээ. Ингэхдээ улсын хэмжээнд 450 гаруй онош тус бүр дээр сонгон шалгаруулалт зарлаж, улмаар ЭМД-ын байгууллага үнийн саналыг судалж, хянаад хамгийн хямд үнэ санал болгосон эмнэлгээс сонгох аж.
-
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛДӨГ ХҮН БҮР УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Даатгуулагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан товлолт хугацааны дагуу эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой. Мөн ЭМД-ын сангаас үзүүлж буй спорт клубийн үйлчилгээнээс бусад 13 төрлийн тусламж үйлчилгээг Даатгалын сангаас үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр болжээ.