Шүүхээс түүнд бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.
Тодруулбал:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Энхтайван, Б.Мөнхтуяа, Э.Оюумаа нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны нэгдүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд хянан хэлэлцээд:
- Шүүгдэгч Р.Энхтайваныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, мөн Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ялаар,
- Шүүгдэгч Б.Мөнхтуяаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,950,000 төгрөгийн торгох ялаар,
- Шүүгдэгч Э.Оюумааг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсэн байна.
Мөн Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560,000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам.доллар, Төрийн сангийн 100900033401 тоотод дансанд байгаа 4,435,650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгож шийдвэрлэв.