Хатуу хөл хорионоос өмнө буюу өнгөрөгч оны арваннэгдүгээр сард таван удаагийн чартер нислэгээр иргэдээ татах байсан ажил түр зогссон. Үүний улмаас Өмнөд Солонгос улсаас эх орон руугаа ирэхээр билетээ бичүүлж, тусгаарлалтын мөнгөө төлсөн байсан иргэд удаан хугацаанд хүлээсний эцэст энэ сарын 03-наас эхлэн БНСУ-дахь Элчин сайдын яамны Сөүл хот дахь Консулын газрын үүдэнд жагсах болсон юм. Өмнөд Солонгос улсаас эх орон руугаа буцахаар 4000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлснээс 1000 гаруй иргэн чартер нислэгт багтаад байсан юм. Жагсаал хийсний дараагаас буюу энэ сарын 15-нд 160 иргэн эх орондоо ирсэн бол дараагийн нислэгийн хуваарь зарлагдаагүй учир иргэд жагсаалаа зогсоогоогүй, үргэлжлүүлсээр байгаа юм.
Өдөртөө 40-50 хүн жагсаж байсан иргэд сүүлийн хоногуудад Консулын хүйтэн шалан дээр хоноглож, төрөөс шийдвэр гарахыг чих тавин хүлээсэн. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ долоо хоногийн Баасан гарагт/2021.01.22/ болон нэгдүгээр сарын 31-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж гадаадад байгаа иргэдээ татан авахаар болжээ. Түүнчлэн, ирэх хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн тогтмол хуваарь гаргахаар тусгаарлах байрыг бэлдсэн байна. Хуваарь гарсан даруйд олон нийтэд мэдээлнэ хэмээв.
Р.УДАМБОР: БИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХААР БЭЛДЭЖ БАЙСАН
Жагсаалын нөхцөл байдлын талаар иргэн Р.Удамбороос тодруулахад “Би 2019 оны сүүлээр Өмнөд Солонгос улсад ирсэн. Түр хугацааны буюу гурван сарын аяллын визээр ирээд 2020 оны хоёрдугаар сарын сүүлээр явах байсан ч хил хаагдсаны улмаас бүтэн нэг жилийн хугацаанд гацаад байна. Монгол руу буцах хүсэлтээ гуравдугаар сараас эхэлж гаргаад УОК руу ярьж эхэлсэн. Албан ёсоор бол долдугаар сард хүсэлтээ өгсөн. Түүнээс хойш долоон сарын хугацаанд ийм байдалтай байна. Бид нийтдээ 15 хоног жагсаад маш их ядарсан байна. Сүүлийн дөрвөн хоног хувцсаа ч солихгүйгээр Консулын хүйтэн шалан дээр картон цаас дэвсээд бүхлээрээ унтаж байна. Маш их даарч, ядарсан. Хэрвээ бидний шаардлагад хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлахаар бэлдэж байсан. Гэхдээ эндэхийн цагаар энэ сарын 18-ны 17 цагийн үед Улсын Онцгой комисс албан ёсны мэдээлэл хийлээ. Жагсаалын эхний өдрөөс тавьж байсан нислэгийн хуваариа тогтмол зарла, тусгаарлах байрныхаа нөөцийг нэм гэсэн үндсэн хоёр шаардлагад хариу өгч, тусгаарлах байрныхаа нөөцийг нэмэн нислэгийн хуваариа тогтмол болгон хоёрдугаар сарын нислэгийг нэгдүгээр сарын 27-нд зарлахаа мэдэгдсэн. Гэхдээ зарлаагүй байхад баярлах болоогүй л гэж бодож байна. Хэн нь ч гэртээ алхан ороогүй цагт энэ бол бодит үр дүн биш юм” гэлээ. Мөн тэд жагсаалаа хэвээр үргэлжлүүлэх бөгөөд гэртээ харьтлаа санаа амрах болоогүй гэцгээсэн юм.
Б.Энх-Уянга