2020 оны хуримын нүүр будалтын дэлхийн аварга, Eegii cosmetics-ийн үүсгэн байгуулагч, make up artist Б.Энхчимэг дараах зөвлөгөөг өглөө.
Тэрээр, “Манай Монгол орон цаг уурын эрс тэс байдал, орчны, агаарын бохирдол зэргээс шалтгаалаад эрүүл арьстай байхад их хичээл зүтгэл шаарддаг. Арьс арчилгаа ерөөсөө л хувь хүний хичээл зүтгэл. Арчлахгүй л бол арьс улам муухай болно. Юун түрүүнд охид, бүсгүйчүүд маань make up гэхээсээ илүү арьс арчилгаагаа зөв хийж байгаасай гэж хүсэж байна” гэв.
ӨӨРТӨӨ ТОХИРСОН БУДАЛТ ХИЙХЭД ХАМГИЙН ЧУХАЛ АНХААРАХ ЗҮЙЛС ЮУ ВЭ?
Бидний дийлэнхдээ хийдэг амьдралын нүүр будалтын зорилго нь хүнийг тэс өөр, шал танихгүй болгох биш Тухайн хүний өөрийн гэсэн давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэнг бага зэрэг тодотгож, гэрэлтүүлж, өөртөө итгэлтэй байхад нь туслах гэж боддог. Тиймээс өөрийн байгаа орчиндоо тохируулан будалтаа хийдэг байгаарай.Өдөр тутамдаа байнгын баяр ёслолын үеийнх шиг будалт хийгээд байж болохгүй л гэсэн үг. Мөн дан ганц нүүр будахаас илүүтэйгээр арьсаа хэрхэн зөв арчлах, бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгож хэрэглэх тал дээр илүү анхаарч байгаарай.
Бүсгүйчүүдийн нийтлэг гаргадаг алдаанууд
·Байнга угаах. Өдөр бүр хөөс хэрэглэх гэх мэт
·Гүн цэвэрлэгээ хийхгүй байх
·Будгаа арилгахгүй бохирдолтойгоо унтах
·Гуужуулагч хэрэглэхгүй байх
Бүтээгдэхүүн үнэтэй байвал л сайн гэсэн ойлголт байхаа больж байна. Үнэтэй бүтээгдэхүүнүүд реклам зар сурталчилгаа, бүтээгдэхүүний сав баглаа боодолдоо дийлэнхийг нь зарцуулдаг гэсэн судалгаа ч байдаг. Хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүний орц найрлага байх ёстой. Бид нэг үеэ бодоход харьцангуй сайн мэдээлэлтэй болсон, өөрсдийн арьсанд хэрэглэх бүтээгдэхүүн, түүний найрлагад маш нухацтайгаар ханддаг болсон нь талархууштай. Гол нь өөрийн арьсны онцлогоо тодорхойлж мэдэж аваад түүнд тохирсон найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь маш чухал. Дэлгүүр, захын ялгаатай тал нь худалдан авагчдын санхүүгийн чадвараас хамаардаг санагддаг. Дээрээс нь бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт гээд л ялгаатай талууд мэдээж байгаа.Гэхдээ зах дээр зарагдаж байгаа бүхэн чанаргүй, дэлгүүрийнх нь чанартай гэсэн ойлголттой байж болохгүй. Хүмүүс өөрсдөө мэдээлэлтэй, бүтээгдэхүүнээ сайн судалж авдаг болох л хэрэгтэй байна. EEGII COSMETICS маань бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ аль болох органик, байгалийн гаралтай найрлага ашиглахыг гол зорилгоо болгодог. Иймээс арьсанд цочрол өгөх, янз бүрийн сөрөг нөлөө үзүүлэх, таарч тохирохгүй байх магадлал хамгийн бага байдаг.
ЯАГААД ГУУЖУУЛАГЧ ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?
Арьсны эсүүд нь өөрөө өөрийгөө байнга шинэчилж байдаг. Арьсны хамгийн гадна талын давхарга /эпидермис/ нь 28 хоногийн хугацаанд хөгширч дотроос нь шинэ залуу арьс нөхөн төлжиж шинэчлэгддэг. Арьсны гадаргуугаас үхэжсэн эсүүдийг арилгах үйл ажиллагааг гуужуулах гэж нэрлэдэг бөгөөд арьсыг гуужуулахгүйгээс болж хөгширч, үхэжсэн эс арьсны нүх сүвийг бөглөж арьсанд төрөл бүрийн асуудал үүсгэдэг байна. Ер нь танд хичээн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн байлаа ч гэсэн гуужуулагч байхгүй л бол ямар ч үнэтэй, үйлчилгээ өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүнгүй байдаг. Гуужуулагчийг дотор нь зөөлөн гуужуулагч( soft peeling) буюу гель, тосон хэлбэртэй , хатуу гуужуулагч(scrub) буюу ширхэгтэй гэж 2 хуваадаг. Та өөрийн арьсны хэв шинжээс хамаарч зөөлөн гуужуулагчийг 7хоногт 1-2 удаа хэрэглэхэд тохиромжтой байдаг бөгөөд өөрийн арьсны онцлогоос хамаарч тоог тохируулах боломжтой~ Мөн гуужуулах тоо хэт ихэдсэнээс та арьсаа эмзэгшүүлж гэмтээх талтай учраас зааврын дагуу хэрэглэж заншаарай
ГУУЖУУЛАГЧ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
Эхлээд арьсаа сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй. Гуужуулагч бүтээгдэхүүнийг шаардлагатай хэмжээгээр авж нүд, уруулын нимгэн арьснаас бусад хэсэгт түрхээд нэг минутын дараагаас арьсны шугамын дагуу тойрог маягаар үрж, массажилж өгнө. Арьсны үхэжсэн арьс бөмбөрч иртэл нэгээс хоёр минут үрсний дараагаар бүлээн усаар сайтар зайлна. Гуужуулсны дараагаар арьс чийгээ маш ихээр алддаг учраас чийг тэжээл өгөх зорилгоор нөхөн сэргээгч тос, эссэнс, маск гэх мэт бүтээгдэхүүнүүдээсээ заавал хэрэглэх хэрэгтэй. Ер нь гуужуулагчийг хэрэглэсний дараа арьс эрүүлжиж, урьдынхаасаа илүү зөөлөн толигор болж, бүтээгдэхүүний үйлчилгээг арьсны гүн рүү шингээж, будаг хүртэл урамтай шингэж барзайдаггүй. Цаанаа л нэг зөөлөн булбарай гоё болдог.
ГҮН ЦЭВЭРЛЭГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Арьсыг гүн цэвэрлэх нь таны бодож байснаас ч чухал бөгөөд нүүрний арьс толигор цэвэр байхын хамгийн том үндэс нь болж өгдөг. Хэчнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд арьсыг гүн цэвэрлэж чадаагүй үед үр дүнгээ өгөх нь бага байдаг. Арьс бохирдож цэвэрлэгээ дутуу байснаас батга гарч хуурайшиж эсвэл тослогтож эхлэх гэх мэт арьсны төрлөөс шалтгаалаад янз бүр. Тэр тусмаа арьсны нүх бол хүн болгонд л байдаг. Харин түүнийг арчилж цэвэрлээгүйгээс болж нүхэнд боxирдол хуримтлагдаж нүх улам томсон нүхжилт бий болдог. Зөв дараалалтайгаар нүүрээ цэвэрлэх нь арьсаа амраах, хөгшрөлтөөс сэргийлэх гээд олон давуу талтай. Хэрэв бохирдол бүрэн арилахгүй бол нүхжилт үүсэх болон хар, цагаан батга гарах гээд олон асуудал үүсч болзошгүй. Долоо хоногт арьсны онцлогоос шалтгаалан нэгээс хоёр удаа гүн цэвэрлэгээг хийж өгөх хэрэгтэй. Өөрт байгаа усан цэвэрлэгч, угаагч хөөсөө ашиглан арьсаа сайтар цэвэрлэсний дараагаар гуужуулагч ашиглан арьсаа гуужуулах хэрэгтэй. Үүний дараагаар хуулдаг маск тавиж арьсны шар үсийг хуулж өгвөл дараа нь будалт хийхэд арьс маш цэвэрхэн, гоё шингэж өгдөг. Гүн цэвэрлэгээ хийх үед арьс чийг тэжэээлээ ихээр алддаг учир , эссэнс, серум, маск зэрэг бүтээгдэхүүнээс сонгож хоёроос гурван төрлийн бүтээгдэхүүн хамтад нь хэрэглээрэй.
НҮҮРЭЭ ХЭРХЭН ЗӨВ УГААХ ВЭ?
Арьс цэвэрлэгээний нэг төрлийн бүтээгдэхүүн дагнан хэрэглэх нь хамгийн буруу цэвэрлэгээ болдог. Жишээ нь: байнга хөөсөөр угаах, байнга тосон цэвэрлэгч хэрэглэх.Тиймээс өдөр тутамдаа цэвэрлэгээний хоёроос гурван төрлийн бүтээгдэхүүнийг сөөлжиж хэрэглэх хэрэгтэй. Арьсны онцлогоос шалтгаалан долоо хоногт нэгээс хоёр удаа гүн цэвэрлэгээ хийж, бусад өдрүүдэд өнөөдөр угаасан бол маргааш нь усан цэвэрлэгчээр цэвэрлэх гэх мэтээр сөөлжиж цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр арьсны чийг тэжээлийн баланс алдагдах нь бага байдаг. Угаасны дараагаар арьс чийг тэжээлээ амархан алддаг учраас маш хурдан чийг, тэжээл өгөх бүтээгдэхүүнээ тэр даруйдаа хэрэглэж байгаарай.