Оюутнууд “Монголын их дээд сургуулиудын цахим хичээлийн төлбөрийг хөнгөлье” хөдөлгөөн үүсгэн байгуулж, энэ нэрээрээ фэйсбүүкт групп нээжээ. Группд одоогоор 12 их, дээд сургуулийн 12000 гаруй оюутан нэгдэж, сургуулиуд нь хэрхэн сургалтын төлбөр нэхэж, сургалтын төлбөр төлөхөд ямар хэцүү байгаагаа бичсээр байна.
Энэхүү хөдөлгөөн нь сургуулиуд цахимаар хичээл орж буй тул олон зардал танагдаж байгаа. Тиймээс төлбөрөөс хөнгөлөх эсвэл сургалтын төлбөрийг уян хатан нөхцлөөр авахыг шаардаж байгаа юм.
МҮХАҮТ-ийн хийсэн судалгаагаар хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон, нэг хувь нь л үйл ажиллагаа хэвийн гэж хариулсан байдаг.
Мөн бизнес эрхлэгчдийн 64 хувь нь ажлын байраа 2021 оны 1-р сар хүртэл л хадгалж чадна гэсэн бол 26 хувь нь 1-3 сарын хугацаанд ажлын байр хадгалах боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцсон хувиараа бизнес эрхлэгчдийн 90 хувь нь 3 сараас дээш хугацаанд ажлын байраа хадгалах боломжгүй гэж хариулсан байдаг. Эдгээр тоонууд Ковид19 цар тахлаас үүдэж ААН, айл өрхөд санхүүгийн ямар хямрал үүсэж байгааг харуулна.
Ийм хүндрэлтэй үед харин Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захиргаа оюутнуудаасаа сургалтын төлбөр шаардаж, өгөхгүй бол шалгалтуудад оруулахгүй гэжээ.
АШУҮИС-ийн нэгэн оюутан бидэнд ярихдаа, “Би өөрөө ажил хийж төлбөрөө төлдөг байсан. Гэтэл үйлчилгээний газрууд хааснаас баар, ресторан, цайны газруудад ажиллах боломжгүй байна. Хэдийгээр буцаагаад үйлчилгээний байгууллагууд үүдээ нээсэн ч орон тоо байхгүй гээд байна. Улирлын амралтын үеэр уг нь өдөр шөнөгүй ажиллаад овоо мөнгө хийчихдэг байсан ч энэ жил 100 төгрөгийн ч орлогогүй таг суучихлаа. Миний төлбөрийг төлөх хүн манай гэр бүлд байхгүй. Хэрвээ би төлбөрөө төлж чадахгүй бол сургуулиа орхихоос өөр аргагүй болж байна. Маш хайран, харамсалтай байна” гэв.