Өчигдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын /ХҮН/ Их хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Улаанбаатар болон хөдөө орон нутгаас 120 төлөөлөгч хуралд хамрагдлаа. Хурлаар ХҮН намын дарга Б.Найдалаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан явдлыг шийдвэрлэж намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогдсон байна.
Тэрээр хурлын үеэр илтгэл тавих үеэрээ “Бид Монгол Хүнээ хөгжүүлсэн, технологийг хурдтай хэрэглэсэн, байгальд ойр байх “Дэлхийн Монгол” хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд 10 тулгуур бодлогыг авч хэрэгжүүлнэ.
- Иргэнээ дээдэлсэн, институцийн чадамж бүхий Монгол төрийг угсарна.
- Мэдлэг, итгэл үнэмшилтэй улс төрийн манлайллыг хийж Монголчуудыг нэг зүгт чиглүүлнэ.
- Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ажлаа эрэмбэлж хэрэгжилтэд илүү анхаарна.
- Эдийн засгаа хурдацтай өсгөнө. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ.
- Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ.
- Боловсролыг онц эрхэмлэнэ.
- Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ.
- Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ.
- Авилгатай бодитой, шаргуу тэмцэнэ.Диаспора-Дэлхийн Монголчуудын хүчийг авна.
- Намын төлөвшилтийн хүрээнд Хөдөлмөрийн үндэсний нам нь дараах зарчмуудыг баримталж ажиллана.
- Хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжлийг хангахад чиглэсэн “ХҮН ДЭЭД” үзэл санаа буюу Зүүн төвийн социал демократ үзлийг баримталж ажиллана.
- “ЦАХИМЖСАН, БОДЛОГЫН” нам
- Хатуу гишүүнчлэлийг хязгаарлаж, илүү “ДЭМЖИГЧ ГИШҮҮН” төвтэй нам байна.
Эрхэм нөхдөө,
Дайн дажингүй, байгалийн ноцтой гамшиггүй, шашны мөргөлдөөнгүй, харин баялаг түүхтэй, өөрийн онцлог соёлтой,байгалийн нөөцтэй, түүнээс илүү хөгжилд тэмүүлдэг амбицтай 3.4 сая иргэдтэй улсад асар их боломж бий. Гагцхүү энэ хөгжлийн боломжийг бий болгоход Төрийн зөв бодлого, түүнийг ажил болгох мэдлэг чадвартай, туршлагатай, сэтгэлтэй мэргэжилтнүүдийн баг шаардлагатай юм. Үүнийг бид хамгийн сайн хийж чадна, энэ бол Хөдөлмөрийн үндэсний нам, ХҮН намын мэргэжилтэн, судлаачид, дэмжигч гишүүдийн маань үүрэг билээ. Хамтдаа ачаагаа үүрч, ажлаа нэр төртэй хийцгээе” хэмээлээ.
Тус хурлаар мөн ХҮН намын их хурлаас Удирдах зөвлөлийн даргаар Б. Найдалаа, Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Ганзориг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нар тус тус сонгогдлоо.