Бид Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ш.Эрдэнэчимэгтэй товч ярилцлаа. Тэрээр ХСҮТ-ийн ойр орчмын гудамж талбайд эмийн ургамал, улавч гэх мэт бараа зараад дөрвөн жил болж байгаа юм. Харин Коронавирусээс үүдэн өдрийн орлого нь буурч, хүүхдийн мөнгө, нөхрийнхөө группийн мөнгөөр амь зууж байгаагаа хэллээ.
Ам бүл хэдүүлээ амьдарч байгаа вэ? Ковидоос улбаалж хөл хорио тогтоосноос хойш өрхийн орлого нь ямаршуу байна вэ?
Ам бүл дөрвүүлээ. Манай охин, охины хүүхэд, нөхөртэйгээ амьдардаг. Охины хүүхдийн мөнгө болох зуун мянган төгрөг, нөхрийнхөө группийн мөнгөөр амьдарч байна. Заримдаа хүрэхгүй юм аа. Нүүрс түлээ мод, хоол унд, мах л гэхэд их үнэд орчихсон байна. Дэнжийн 1000-аас мах авахад үхрийн мах килограмм нь 15 мянга гэж байна. Тэгэхээр махаа авч чадахгүй хоолондоо мөнгө хүрэхгүй хэцүүхэн л байна. Авсан жоохон махаа сардаа хүргэх гэж бага багаар жаахан хоол хийж л иддэг юм. Зарим өдөр түлшээ авч чаддаггүй. 14 хоног түлшээ авч чадахгүй үе ч байна. Мөнгө олоод нүүрсээ авчихъя гэхээр нүүрс өгөхгүй. Хугацаа нь дуусчихсан долоон хоногтоо авах ёстой гээд өгдөггүй.
Өмнө нь та гар дээрээс наймаа хийгээд өдөр бүр орлоготой байв уу?
Өдөрт заримдаа тавь, жаран мянган төгрөг хийчихдэг юм. Заримдаа хорь, гучин мянган төгрөг хийдэг байсан. Өдөр өдрөөсөө л байдаг юм даа. Хүн ямар байгаагаас л шалтгаална. Хүн сайтай байвал гайгүй яваад л байдаг юм. Хоолныхоо мөнгийг хийчхээд байдаг байсан. Зун нэг хэсэг самар жаахан зарсан. Самар бол гайгүй яваад л байдаг. Самар ч үнэд орсон. Одоо самар ч олдохоо байлаа даа. Тэгээд ургамал зарах гэсэн ургамал нь сайн явахгүй л байна. Хэдэн жилийн өмнө авсан улавчаа зарж байна. Өнөөдөр бол орлого муу, хоёр гурван улавч л зарлаа. Хүн муутай байна. Халдвар гарчихсан гээд ХСҮТ рүү хүн оруулахгүй байх шиг байна. Өчигдөр уг нь хорин мянган төгрөг хийсэн.
Одоо өдрийн орлого арван мянган төгрөг ч хүрэхгүй байна уу?
Тийм. Арван мянга ч хүрэхгүй сууж байна. Заримдаа бараа гүйгээд л заримдаа гүйдэггүй юм.
Та явах гээд юмаа хурааж байсан.? Даарч байна уу? Гадаа бас хүйтэн байна?
Гадаа их хүйтэн. Гэхдээ дулаахан хувцастай болохоор хөл даарах нь гайгүй л байна. Гар л даарч байгаа болохоос бусад нь гайгүй байна. Удаан суухаар бас хүн явахгүй болохоор хий дэмий суугаад яах вэ харья гэж бодоод. Харьж мод түлшээ хагалахгүй бол манай хүн групптэй, бие муутай. Мод түлшээ хагалж чадахгүй. Би очиж мод түлээ хагалъя гэж бодсон юм.
300 мянга хүрэхгүй мөнгөөр дөрвөн ам бүлийг болгоно гэдэг хүнд шүү дээ. Хоол, түлэх түлээ яг яаж зохицуулж байна вэ та?
Нөхрийн группийн мөнгөөр сардаа хэрэглэх мах, таван юм уу арван килограмм гурил авчхаж байгаа юм. Тэрүүгээр болгох гээд л зүтгээд байна. Хүүхдийн мөнгө нүүрс түлээ ус гээд ойр зуурын идэж уух юмандаа л болгодог.
Сандэй, шөнийн зах энэ хавиар хүмүүс гадаа гар дээрээс наймаа их хийдэг шүү дээ. Хүмүүс хүйтрээд цөөрчхөөд байна уу? Харагдахгүй байна?
Хүн ерөөсөө явуулахгүй байгаа. Жижиглэн наймаа хийлгэхгүй гээд хөөж явуулаад байгаа.
Цагдаа нар хөөгөөд байгаа юм уу?
Өглөө эрт ирээд заръя гэхээр заруулдаггүй юм. 11-ээс хойш сууж л хэдэн төгрөг хийнэ. Заримдаа хийж чаддаггүй.
Цагдаа юу гэж хөөх үү?
Одоо өвчин зовлон гарчихсан байна. Ингэж хамаагүй гадаа сууж болохгүй. Хориотой байхад гэж байна лээ.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа.