Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан санал, байр суурийг анхаарч нягтлан ажлын дэд хэсгээс гаргасан саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 21 санал гаргасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг нар Байнгын хорооны ажлын хэсэг болон хуралдаанд оролцсон Монгол банкны удирдлагууд, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах, банкны засаглалыг сайжруулах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлд ажлын хэсэг анхаарч, банкны ТУЗ нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй, түүний гурваас доошгүй нь хараат бус гишүүн байх зохицуулалтыг суулгаж, хуулийн төслийг улам чамбайруулсан.
Түүнчлэн Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд өөрчлөн найруулж, банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журмыг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батлах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үүднээс хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байх, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй банк нь Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байх талаар ажлын дэд хэсгээс гаргасан саналыг дэмжсэн гэдгийг дурдав.
Мөн Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн одоогийн байдлаар манай улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн шинэ зохицуулалтаар банкнууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр гадны банкнууд хувьцаа эзэмших боломжтой болно. Анх өргөн барьсан төсөлд 6 жилийн дараа гэхэд банкнууд хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар тусгасан байсан. Бид бусад орны туршлагыг судалж нягтлаад төслийн энэ зохицуулалтыг гурван жилээр нааш татаж, 2023 оны эцэс гэхэд бүх банк хувьцаат компанийн хэлбэрт бүрэн шилжсэн байхаар зохицуулсан гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 4.2 дахь хэсгийг “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна." гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу 3.1.20 дахь заалтыг “банкны системд нөлөө бүхий банк" гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монгол банкнаас тогтоосон банкийг”гэж тус тус өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Мөн төслийн 2 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын "хувьцаа эзэмшигчийг" гэсний дараа “банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн эрхийг шууд бусаар хэрэгжүүлдэг этгээдийг;” гэж," гэснийг “3.1.12."банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг;" гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 36 дугаар зүйлийн 36.3-36.11 дэх хэсгийг өөрчлөн найруулж, дугаарыг өөрчлөх, мөн зүйлийн 8 дахь заалт буюу 27.1.2 дахь заалтыг "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн тухай Монгол банкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол;” гэж өөрчлөн найруулахаар боллоо. Түүнчлэн уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Байнгын хорооны ажлын хэсэг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал гаргасан нь дэмжигдлээ. Тухайлбал, банк нь Банкны тухай хуулийн 4.2 болон 36.1-д заасан шаардлагыг хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг баталж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх, банкнаас ирүүлсэн төлөвлөгөө нь хэрэгжих боломж хязгаарлагдмал, үндэслэлгүй, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан журмын шаардлага хангаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн Монгол банкны шаардсанаар банк төлөвлөгөөг өөрчлөхөөр тусгажээ.
Түүнчлэн банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журмыг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батлах зохицуулалтыг дэмжив. Мөн энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байх, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй банк нь Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байхаар зохицуулсан байна. Монгол банк энэ хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй банканд энэ зүйлд заасан арга хэмжээг авахдаа тухайн зөрчил, дутагдал, үүссэн нөхцөл байдал, шаардлагад тохирсон арга хэмжээ авахаар зохицуулах нь зүйтэй гэж үзэв.
Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулан шинэчлэн байгуулах, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутаар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтов.
Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагаар, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэээр тус тус ахлуулан байгуулж ажиллуулах Байнгын хорооны тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.