2019 оны 7-р сард твиттер платформд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянгыг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарсан. Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах шийдвэр гаргаад зогсохгүй түүний фэйсбүүк, твиттер хуудсыг хаах хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргаад байсан юм. Тэгвэл энэ хэрэг анхан шат, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж, ахин анхан шатны шүүх рүү буцаж, анхан шатны шүүхээс шийдвэрлэж, иргэн Ц.Уянгыг Х.Баттулгын нэр төрд халдсан гэх шийтгэх хуудсыг хүчингүй болголоо. Энэ явц нэг жил зургаан сар үргэлжилсний эцэст ийнхүү дуусгавар боллоо. Ц.Уянга нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг твиттэрт “ЖОНХУУ” гэж бичсэнд нь Ерөнхийлөгч Х.Баттулга “гомдож” шүүхэд хандсан юм.