Түүхч Д.Анхбаяр: Архивын 640 мянган хуудас баримтыг Хятадад өгсөн гэрээний талаар олон хүн надаас асууж лавлаж байна. Би боломжийн хэрээр хариулж, асуудлын уг учрыг тайлбарлаж явна. Ихэнх нь гарсан. Худалдааны төвд лангуу түрээслэх гэрээнээс долоон дор, гурван нүүр юмаар түүхийн 640 мянган нүүр баримтыг хуулбарлан урд хөршид хэрхэн өгснийг энэ гэрээнээс үзэж болно. Монголын Үндэсний Төв архивд буй баримтуудын зохиогчийн болон бусад эрхийг Хятадууд бидэнтэй яагаад тэгш эрхтэй хамтран эзэмшихээр заах болов, маргаантай асуудал гарвал хууль шүүхэд очилгүйгүйгээр яагаад зөвшилцөн шийдэх буюу хуйвалдахаа тодорхой заав. 18-20-р зууны Монгол-Хятадын харилцаа гэж яагаад бичив /энэ бол ямар ч түүхч хүн хэлэх ёсгүй үг, энэ үед Монгол-Манжийн харилцаа л гэж буй/ зэрэг Монгол Улсын хууль, Монголын түүхийг доромжлон нулимсан зүйл заалт энд зөндөө бий. Бид хариуцлага л нэхэж буй болохоос С.Чулуун, Д.Өлзийбаатар нарын мууг үзэх гээд байгаа юм огт байхгүй. Тэдэнд атаархах юм огт алга. Энэ бол хэдхэн хүний хэрүүл, түүхчдийн маргаан төдий хэрэг биш. Энэ бол өмөөрөх аргагүй үнэн, зугтах боломжгүй алдаа. Хэлж ярьж, шүүмжилж засаж байж бид урагшилна. Хувь хүн, салбарын нэр төр гэсэн юм яриад чимээгүй суудаг арчаагүй зан бидэнд байхгүй. Цэцгийг тасалж болох ч хаврыг зогсоож болдоггүй гэдэг үг бий! Хууль дүрэмгүй мэт аашилж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан гэрээгээр наадагчдад явах зам байхгүй. Төр засаг ийм ноцтой асуудалд үл тоосон дүр үзүүлж хэрхэвч болохгүй. Тэд ичихгүй бол бид айхгүй. Тэвчээрийн хүлээс тасардаг! Монголын түүх, өвөг дээдсийн цус нулимсны төлөө шаардлагатай бол ковидын цаг үе байсан ч хамаагүй ордны гадаа суулт, өлсгөлөн зарлахад бэлэн байна.
Түүхч, доктор Д.Анхбаяр. 2021.01.13