Өнөөдөр болсон газар хөдлөлтийн талаар ОБЕГ-аас хэвлэлийн хурал хийлээ. ОБЕГ-аас өгч буй мэдээллээр “газар хөдлөлт одоо хүртэл давтан хөдлөлт үргэлжилж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол 100 гаруй удаа давтан хөдлөлт боллоо.
Үндсэн хөдлөлт нь 6.5 магнитууд байсан бол давтан хөдлөлтийн магнитууд нь харьцангуй бага. Гэхдээ магнитууд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитууд нь 4 хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна. Ханх суманд ийм хүчтэй газар хөдлөлт анх удаа бүртгэгдэж байна. Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Зайнаас хамаарч чичирхийлэл багасна.
Нийслэл хот газар хөдлөлт болсон тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын станцад бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр газар хөдлөлт мэдрэгдсэн байна.Нийслэлд хэдэн баллаар хөдөлснийг нарийвчлан гаргана” хэмээлээ.
Мөн Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа буюу 05:42 минутад мэдэгдэл ирсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх асуудлыг цаашид боловсруулна" гэв.
Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх арга байхгүй. Ямар ч эрдэм шинжилгээний байгууллага ийм төвшинд хүрээгүй байна. Харин болсон газар хөдлөлтийг амжиж анхааруулах боломж бол бий. Манайд амжиж анхааруулах гурван систем байдаг. Систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдөр, энэ тохиолдолд амжиж анхааруулах дуут дохио яагаад дуугараагүй гэхээр дуугарах, дохио өгөх хэмжээнд чичирхийлэл мэдэгдээгүйтэй холбоотой" гэж хариуллаа.