Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитууд, 05:41 цагт 5,1 магнитууд, 05:47 цагт 4,6 магнитууд, 06:02 цагт 5,3 магнитууд, 06:10 цагт 5 магнитууд, 07:02 цагт 5,6 магнитуудтай газар хөдлөлт боллоо.
Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.
Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитуудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
“Ханх суманд сургуулийн барилгад ан цав гарсан гэх дуудлага ирсэн” Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах газар хөдлөлтийн станцын эрхлэгч П.Даваадалай газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө “Хөвсгөл аймагт өглөө 05.32 цагт 51:21:136 координат дээр эхний газар хөдлөлт боллоо. Тэрнээс хойш таван удаагийн давтамжтай 5 магнитуудын газар хөдлөлт мэдрэгдсэн. Ханх сумын иргэд айж эмээсэн байдалтай байна. Тус суманд чулуун барилга, сүүлд баригдсан сургуулийн барилгад ан цав гарсан дуудлага, мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, Шуурхай штабынхан үзлэг хийж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл аймагтай залгаа байрлах Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Улаанбаатар хот гээд олон газруудад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдээд байгаа” гэлээ.