Индонезийн Шривижаяа Эйр Компанийн зорчигч тээврийн онгоц Жакартагаас Борнео явах замдаа 3000 метрийн өндөр дээрээс далайд унаж осолдсон хэрэг гарсан билээ.
Онгоцонд 61 зорчигч явсны дотор долоон хүүхэд, гурван нярай хүүхэд байв.
Аврах үйл ажиллагааг явуулсаар байгаа хэдий ч одоогоор амьд үлдсэн хүн олдоогүй хэмээн албаныхан мэдээллээ.
Аврах багийг ахлан үйл ажиллагаа явуулж буй Расман МС сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Аврах үйл ажиллагаанд 2600 орчим аврагчид нисдэг тэрэг болон завиар хэргийн газраас хайлт хийж байгаа ба 23 метрийн гүнээс зорчигчдын биеийн хэсэг, хувцас, эд анги зэргийг боломжоороо зөөвөрлөн гаргаж байна.
Мөн SJ182 нислэгийн сэгийг хайх ажилд 50 гаруй жижиг хөлөг онгоц, 13 нисдэг тэрэг дайчлан ажиллаж байна.
Аврах ажиллагаа үргэлжилж байгаа хэдий ч ажиллагаа дуусах болоогүй, шөнө бид зогсохгүй хайх болно. Цогцсуудыг эрт олох тусмаа сайн, энэ нэг өдрийн ажил биш сунжрах төлөвтэй байна" хэмээлээ.
Индонезийн Тээврийн аюулгүй байдлын үндэсний хорооны мөрдөн байцаагч мэдээлэл өгөхдөө "Онгоцны хар хайрцгыг олох найдвар тун бага байна. Эрлийн багийхан онгоцны нэг дугуй болон их биеийн хэсгийг олон дүн шинжилгээ хийж байна" хэмээлээ.