Д.Гэрэлийг Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхад Зариг.мн сайт Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээрх алтны уурхайн талаар сурвалжилга бэлтгэн цацсан юм. Энэхүү "Пентеттера" ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байх Нарангийн голоос 13 алхмын зайд олборлолт явуулдаг байсан юм.
Сурвалжилга цацагдсаны дараа Д.Гэрэл өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгсөн юм. Шүүх хурал 2020 оны 10-р сарын 6-нд болж сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэр төрд халдаагүй гэж тогтоосон бол 2021.01.06-нд давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, генерал Д.Гэрэлийн нэр төрд сэтгүүлч Н.Өнөрцэцэг халдаагүй болохыг давж заалдах шатны шүүх ахин тогтоолоо.