Оксфордын их сургуулийн эрдэмтдийн “AstraZeneca” компанитай хамтран гарган авсан коронавирусний вакциныг Их Британийн 82 настай иргэн Брайан Пинкер хийлгэсэн дэлхийн анхны хүн боллоо.
Тэрээр диализын эмчилгээ хийлгэхээр Оксфордын их сургуулийн анагаах ухааны төвд хэвтжээ. Брайан Пинкер Оксфорд хотын уугуул оршин суугч ба вакциныг энэ хотод бүтээсэн гэдгээр маш их бахархаж байгаагаа мэдэгдлээ. Вакциныг Их Британийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хэрэглэхийг зөвшөөрч, хүн амыг вакцинжуулах аяныг даваа гарагаас эхлүүллээ.
Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн вакцинаас 10 сая тунг захиалсан гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок 12 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн юм. Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын вакциныг ашиглахыг зөвшөөрснийхөө дараа Их Британиийн эрх баригчид хүн амаа дархлаажуулах хөтөлбөрийг 12 дугаар сарын 8-наас эхлүүлсэн билээ. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд, асрамжийн газрын өндөр настнууд болон 80-аас дээш насны хүмүүсийг хамруулж байгаа юм. Одоогийн байдлаар вакцины эхний тунг 1 сая гаруй хүн хийлгэжээ.