Монгол Улсын Засгийн газар 2021 оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр/2021.01.04/ ээлжит Я.Содбаатарын танилцуулснаар сонсож, хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.
Нийслэлд мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс мөн сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгалаа.
Дээрхи шийдвэрийг УОК, ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн 11 байгууллагаас явуулсан 14 хоногийн хөл хорионы үеийн эрсдлийн үнэлгээг үндэслэн гаргав. Улмаар нэгдүгээр сарын 11-ны 06:00 цагаас зэрэглэлээ бууруулж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг нээхээр төлөвлөж байна. Тодруулвал 2020 оны 12-р сарын 14-нөөс 12-р сарын 23-ний өдөр хүртэл явж ирсэн зэрэглэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилж эхлэх юм. Ингэснээр хоолны газрууд, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд нээгдэж, ахуйн барааны жижиг дэлгүүрүүд ажиллана. Харин хүн амын төвлөрөл, зорчих хөдөлгөөн их, эрсдэл өндөртэй учраас уушийн газар, саун, барааны зах зэрэг нэр бүхий 18 салбар ажиллахгүй. Энэ талаар тухайн цаг үед нь НОК-оос ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана.
2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх дээрхи хугацаанд УОК-ын шуурхай штаб, ЭМЯ бусад мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран халдварын шинэ голомтуудын хүрээг хумихад онцгой анхаарч ажиллана. Худалдаа, үйлчилгээний салбарынхан халдвар хамгааллын дэглэмээ хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах бэлтгэлээ базаах боломж бүрдэж байна.
Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал хүндэрч, шинэ голомт үүсвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионд буцаж шилжинэ. Энэ нь эргэж буцсан асуудал биш. Ард иргэд, ААН-үүдээ хамгаалж, эрүүл мэндийн салбарын хүчин чадлаа тооцож, илүү их хүндрэл учрахаас урьдчилан сэргийлж буй шийдвэр гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэв.
Мөн өдрийн хурлаар XVII жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн баяр/2021.02.12/-ыг бүх нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.