Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн. Хонгор суманд 2020 оны 11 сарын 27-д халдвар бүртгэгдсэн үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тухайн голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхтгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг зохион байгуулах 3 багийг бүрдүүлэн АОК, ЭМГ-тай хамтран ажилласан. Эдгээр багт ХӨСҮТ-өөс тархвар судлаач эмч Ц.Сэлэнгэ, Л.Азжаргал, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч М.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч Б.Баасандорж, ариутгагч Т.Одгэрэл нар аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцоо, болон тандалт, хариу арга хэмжээний багтай шуурхай хамтран ажиллаж уг голомтын тархалтыг богино хугацаанд хязгаарлалаа.