Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Дако” төвийн дэргэд “Сайжруулсан шахмал түлш борлуулах цэг”-т гал гарч байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны 19:02 цагт хүлээн авжээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:06 цагт очиж, сайжруулсан шахмал түлш борлуулдаг иргэн Э-ын 3х3 метрийн хэмжээтэй байр /322 дугаартай/-ны дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Үүнээс гадна аймаг, нийслэлийн хэмжээнд өчигдөр гал түймрийн есөн дуудлага бүртгэгджээ.
Галлагааны улиралд гал түймрийн аюул эрсдэл ихэсдэг тул иргэд та бүхнийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, стандартын шаардлага хангасан халаагуур ашиглах, уртасгагчид нэг дор олон залгуур залгахгүй байх, яндангийн цонолтоос сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх зэргийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж шинээр баригдаж байгаа барилга шатсан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 4 дүгээр гудамжинд байшин шатсан,Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 16 дугаар гудамжинд байшин шатсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 8 дугаар давхар тагт шатсан.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг дахь “Номин” агуулах худалдааны төвийн автомашины зогсоол иргэн Т-ын эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатсан, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 12 дугаар гудамжинд гэр шатсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн “Хөх толгой” гудамжинд хүнсний дэлгүүр шатсан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 53 дугаар гудамжинд гэр шатсан, Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25 дугаар гудамжинд байшин шатлаа гэсэн гал түймрийн есөн дуудлага гарсан байна.