Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
“Арванхоёрдугаар сарын 29-нд улсын хэмжээнд 12,828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. 20 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр тохиолдол нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр илэрсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдол ингээд 397 болж байна.
Бусад 18 тохиолдол нь үүсээд байгаа голомттой холбоотойгоор хавьтлуудаас илэрсэн. Үүнд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа 8 өвчтөн, 2 сахиур, 3 хавьтал, 5 эрүүл мэндийн ажилтнаас халдвар илэрлээ. Тус голомтод хамааралтай халдварын тохиолдол нийт 244 болсон.
Өчигдөр тус голомтын хамааралтай буюу Тэнүүн-Огоо гэдэг компанийн ажилтан, автобусны хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тухайн компанийн ажилтан 10-аад жолооч бөөнөөрөө салхинд гарсан байна. Тэдгээрийн дотроос хоёр хүнээс халдвар илэрлээ. Бусад хүмүүсийг нь тусгаарлаад байгаа. Тухайн автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан. Одоогоор халдвар илрээгүй байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрлээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,195 болсон бол үүнээс 824 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 361 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 96, хөнгөн 257 байгаа" гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.