Өрөг.мн сайт 2020 онд худалдаанд гарсан онцлох номуудыг уншигч танд цувралаар хүргэж байна. Бид энэ удаад МонСудар хэвлэлийн газрын эрхлэн гаргасан бүтээлүүдээс онцлох таван номыг нэрлэлээ. Энэхүү номын жагсаалтыг гаргахад тусалж, мэдээллээ хуваалцсан Мон Судар хэвлэлийн газарт талархлаа.
1001 шөнийн үлгэр – Б.Чанагнянгар, Э.Базаррагчаа
Эрт үеэс эдүгээг хүртэлх дорно дахины хамгийн алдартай үлгэрийн цоморлог бол Арабын мянга нэгэн шөнийн үлгэр. Эртнээс ам дамжин яригдсаар ирсэн энэ үлгэрүүд анх ном болон хэвлэгдэхдээ Шахрезеда хэмээх бүсгүйн хүүрнэл яриа маягаар бичигдсэн бөгөөд үлгэр доторх үлгэр хэмээх сонирхолтой бүтэцтэй юм. Энэхүү бүтээлийг хүүхдийн номын Жангар редакцаас хүүхэд багачууддаа зориулан хялбаршуулж найруулан эрхлэн гаргасан юм.
Монгол үлгэр зурагт ном
Монсудар хэвлэлийн газраас санаачилсан “Монгол үлгэр- Зурагт ном” төслийн хүрээнд МУИС, МУБИС, СУИС-ийн багш судлаачид, уран бүтээлчидтэй хамтран монгол ардын үлгэрүүдийг хүүхдэд ойлгомжтой, сонирхолтой, сургамжтай байдлаар анх удаагаа шинээр зохиомжлон бүтээсэн юм.
Үүнээс:
• Заан оготно хоёр
• Сарны үлгэр
• Хараацай хэдгэнэ хоёр
• Нар Сар Рах
• Тэнгэрийн охин
• Бэтгэлжин бор шувуу зэрэг үлгэрийн зурагт номууд хэвлэгдэн гарлаа. Энэхүү цуврал ном таны хүүхдийн төсөөллийг улам өнгөлөг болгоно хэмээн найдаж байна.
Монтессорийг эхнээс нь – Паула Полк Лиллард, Линн Лиллард Жессен
Хүүхэд хүмүүжүүлэх Мария Монтессоригийн аргыг хамгийн энгийнээр тайлбарлахыг зорьсон уг номтой танилцсанаар зөвхөн Монтессоригийн хүүхэд хүмүүжүүлэх аргын тухай ойлголт авах төдийгүй хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чухам юу болохыг ул үндэстэй ухаарч ойлгоход, үзэл бодлоо шинэчлэн өөрчлөхөд тань тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Монголчууд 6: Социалист бүтээн байгуулалт
- Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монголчууд" цувралын 1960-1989 оныүеийг өгүүлсэн зурагт түүх. "Монголчууд" цуврал нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсанаараа онцлогтой.
Homo Deus: Маргаашийн товч түүх
- Хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн байгаль цаг уурын аясыг дагаж, түүний өмнө хүчин мөхөстсөөр өдийг хүрчээ. Тэгвэл хүн төрөлхтөн өөрсдийн түүхээ хэрхэн бичих бол гэсэн асуултаар Sapiens Хүн төрөлхтөний товч түүх ном төгсдөг. Тиймдээ ч зохиогч энэхүү бүтээлээрээ тухайн асуултдаа хариулт өгөхийг зорьсон байна.