Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Бидний онцолж буй хүн бол эх оронч үйлдэл, хөдөлмөрөөрөө ард олондоо хэдийнээ танигдаж, хайрлагдсан тамирчин. Тэр бол ОУХМ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн юм. 2020 онд Дэлхий даяараа цар тахлаас үүдэж, олон тэмцээн уралдаан цуцлагдсан ч 2-р сард Америкийн цомын аваргад орж, мөнгөн медаль хүртэж медалийн буухиагаа таслаагүй хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцан овогтой Анхцэцэг.
ӨРӨГ.МН САЙТЫН ШИЙДВЭРЭЭР ОНЦОЛЖ БУЙ М.АНХЦЭЦЭГ
Олимпийн бэлтгэлээ цар тахлын үед хэрхэн базааж байна вэ?
Хөл хорионд байгаа ч техник хэрэгсэл штангаа гэртээ аваад оччихсон. Бэлтгэлээ гэртээ хийж байгаа.
Түүх ярихад М.Анхцэцэг дэлхийн аваргын тэмцээнд явахдаа дасгалжуулагч нь зардалгүйн улмаас өөрөө өөрийгөө дасгалжуулж тэмцээнд оролцож байсан. Монголын спортынхон хөрөнгө мөнгөгүйн улмаас олон бэрхшээл тулгардаг тухай улиг болтлоо ярьж ард түмэн нийтээрээ мэдэж байгаа. Гэхдээ ийм зүйл дотроос өндөр амжилт үзүүлсэн нь бахдам юм. Тиймээс ч аварга болоход нь Солонгос улсаас мөнгө амлаж байсан. Энэ талаар яриач. Мөнгө бүх зүйл биш гэдгийг энэ үйлдлээрээ та харуулсан.
Тэр үед 17 настай байсан. Одоо миний харах өнцөг өөрчлөгдсөн ч тэр бодол өөрчлөгдөөгүй. Залуу хүн мөнгөний төлөө биш өөрийгөө таних, нээх, өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг хөгжүүлж түүнийхээ үр шимийг хүртэж, амьдралаас гоё кайф авч, сайхан бүхнийг мэдэрч явах ёстой болохоос биш мөнгөний төлөө явбал хэцүү.
Солонгосоос яг юу юу амлаж байсан бэ? Мөнгө амлаж байна гэдэг чинь тухайн улсын тамирчин болох, тухайн улсын нэр дээр тэмцээнд оролцох биз дээ?
ДАШТ-д явж байхад Узбекистанаас тийм санал бас ирж байсан. Тэмцээнд ороод явж байхад гаднын орнууд ганц нэг тийм санал тавьж байсан. Манай тамирчин болооч ээ, манайх авъя гэдэг тохиолдлууд гарч байсан. Гэхдээ анхнаасаа шууд байр сууриа үгүй гэж хэлж байсан.
Гэхдээ тийм санал авах гоё санагддаг биз дээ?
Гоё шүү дээ. Хүн өөрөөрөө бахархана. Би ингэж үнэлэгдэж байна гэж бодно.
2020 онд олимп хойшилсон. Гэхдээ 2021 онд болох нь тодорхой болж байх шиг байна. Гэртээ бэлтгэлээ хийнэ гэхээр бэлтгэлээ яаж базааж байна вэ?
Мэдээж зааланд хийж байгаа шиг хангагдахгүй. Гэхдээ зааланд хийх бэлтгэл 100% байсан бол гэрт хийж байгаа бэлтгэл 70% тай байна.
Нөхөр, хүүхэд нь бэлтгэлд нь их тусалж байгаа байх даа?
Нөхөр маань байнга тусалдаг. Шахалт хийх, суулт хийх, ганцаараа байвал шахагдах гээд байдаг. Бага зэргийн дэмжлэг хэрэгтэй. Тийм үед сайн тусалж байгаа. Хүүхэд маань одоо 2 настай. Дөнгөж хэлд орох гэж байгаа хэрнээ тоолж өгнө. Заримдаа өөрөө ирж өргөх гээд. Штанг доогуур орчих гээд… бид хоёр байнга бэлэн байдалд байдаг. /инээв/
Жин өсөж уралдаан тэмцээнд орохоор болж байгаа. Тэр тухай яривал?
Төрсний дараа нэлээн жин нэмсэн. Тэгээд хасаад хуучин жиндээ ирсэн боловч тамирчин хүн олон кг хасахаар ядардаг сульддаг. Сүүлийн хэдэн тэмцээнд үзүүлэх амжилт маань буурсан. Тийм болохоор багштайгаа холбогдоод хасахгүй байдлаар 87 кг жинд олимпд оролцъё. Энэ жиндээ жирийн тэмцээнүүддээ оръё гэж зөвлөлдсөн байгаа.
Маш олон жилийн, олон удаагийн бэлтгэлийг хангаж хангаж хэдхэн минутад бэлтгэлийн үр дүнг харуулна гэдэг сэтгэл зүй нь өөрөө төлөвшсөн бэлтгэгдсэн байх ёстой юм шиг. Тэр бэлтгэлийг яаж хийх вэ?
Яг спортын сэтгэл зүй гээд ерөнхийдөө шинжлэх ухаан болчихсон. Тусдаа салбар үүсчихсэн. Манайд бол бид сэтгэл зүйчидтэй ажиллаж байгаа. Ковид эхлэхээс өмнө хүртэл ажиллаж байсан. Одоохондоо харин ажиллаж чадахгүй байгаа. Золоо эгч маань бидэнд маш их тусалж байгаа. МҮОХ-оос санаачилсан олимпд бэлдэж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдыг хамруулсан хичээл явуулсан.
Тэрнээс өмнө хувь хүн өөрийгөө мэдэрнэ гэж ярьдаг. Бас алдаа дээрээ суралцана. Надад бас сэтгэл зүйн том том алдаа байгаа. Жишээ нь 2016 оны олимп, 2015 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга байна. Медаль авах боломжтой байсан боловч медалиа бодоод л яваад байсан. Би угаасаа боломжтой байгаа гээд. Тэрийгээ хэтэрхий их бодоод яваад байхаар тэндээ очоод гацчихдаг алдаанууд гарсан. Одоо сэтгэл зүйн хувьд харьцангуй туршлагатай тамирчин. Бас яг мэргэжлийн сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа болохоор хянаж чаддаг болно. Ер нь спорт өөрөө хүнд яг тэрийг заадаг. Суурь хүмүүжлээрээ, хувь хүн талаасаа өөрийгөө хянах чадвартай болдог.
Та спортод нэлээн эрт хөл тавьж, амжилтад хүрсэн шүү дээ.
11 настайдаа дэд мастер, 12 настайдаа спортын мастер, 13 настайдаа ОУХМ болж байсан.
Хүүхэдтэй, гэр бүлтэй болохоос өмнөх тамирчны амьдрал, бэлтгэл. Хүүхэдтэй гэр бүлтэй болсны дараах тамирчны амьдрал бэлтгэл юугаараа өөр байна. Тамирчны сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Сайн тал, хэцүү тал ч байгаа. Яагаад гэхээр эх хүн болчихсон. Хүний хань, гэргий хирнээ байнга "хаяад" яваад байдаг. Гэртээ байж чадахгүй хүүхдээ санана хэцүү. Манай нөхөр УДЭТ-ын жүжигчин бас завгүй байдаг. Бид хоёр хоёул завгүй. Тиймээс хүүгээ ээж аав хоёр дээрээ өгдөг, манай аав ээж хоёр хардаг. Хоёр талд хүүхэдгүй хүмүүс шиг ажлаа хийдэг дээ. /инээв/ Гэхдээ тэр үедээ хүүхдээ их санана.
Миний бодож хамгийн их эмзэглэж байсан зүйл гэхээр ээж болно гэдэг маш том хариуцлага юм байна. Цаг заваа зориулж чадах үедээ хүүхэд гаргасан нь дээр юм байна гэж бодсон. Нөгөө талаас эмэгтэй хүн хүүхэд гаргаад одоо завтай гээд гэртэй суухаар хувь хүн талаасаа хаягдах гээд байдаг шүү дээ. Энэ асуудал бага зэрэг эмзэг санагдсан. /инээв/ Гэхдээ бас сайн тал нь гэр бүлтэй байна гэдэг эргээд зорих зорилгын шалтгаан болж байгаа. Тусалж дэмждэг сайн ханьтай байна гэдэг сайхан. Гэртээ байгаа нь хоолоо хийгээд, гэр орноо цэвэрлэдэг. Бид хоёр эрэгтэй хүний, эмэгтэй хүний ажил гэхгүйгээр гэр орны ажлаа зохицуулж, хэн хэнийгээ сайн дэмжээд явдаг.
2020 он дэлхий даяар спортын уралдаан тэмцээн цуцлагдлаа. Тамирчин хүний хувьд он дуусахад энэ жил ийм медальтай, ийм амжилттай гээд боддог байсан байх. Энэ жилийн хувьд?
Энэ жил 2-р сард Америкт болсон дэлхийн цомын тэмцээнд ороод мөнгөн медаль авсан.
2021 онд Монголын ард түмнийг, таныг биднийг олимп хүлээж байна?
Надад бол 2021 онд олимп болж байгаа нь бага зэрэг сайн. Яагаад гэхээр би өөрөө 2018 оны 2 сард төрсөн. Одоо 2 жил болж байгаа. Сая энэ зун олимп болсон бол бүрэн гүйцэд 100% формдоо орж чадахгүй байх байсан. Нурууны гэмтэлтэй холбоотой хэсэг амаръя гээд амарсан. Тэгээд хүүхдээ төрүүлсэн. Өөрийнхөө хувьд бол эрт бэлтгэл эхэлсэн. Хүүхдээ 2 сар гарантай байхаас хөдөлгөөн хийж эхлээд, 6 сартай байхад нь Азийн аваргад явсан. Бэлтгэлдээ эрт орсон болохоор гүйцэд тэнхэрч чадахгүй ядраад байсан. Одоо хүүхэд маань яг 2 настай боллоо. Миний бие физиологи, сэтгэл санааны хувьд ч гайгүй болоод, хямрахаа больж байна. /инээв/ Одоо л яг гайгүй болж байгаа. 2021 онд бодсон юм байнаа. /инээв/
Он солигдох энэ мөчид гэр бүлдээ, дасгалжуулагч, багийнхандаа мэндчилгээ дэвшүүлэх боломж олгоё
Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа айл өрх бүрд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. 2021 ондоо дэлхий нийтээрээ цар тахлыг давж гараад сайхан цаг ирэхээр бүгдээрээ сайхан гадагшаа зугаалж, аялж, энгийн сайхан амьдралдаа орох байх.
"Гэхдээ энэ цар тахал бас бидэнд хамгийн үнэт зүйл бол гэр бүл гэдгийг ойлгуулж өглөө".
Мэдээж хамгийн түрүүнд өнөөдөр миний төрсөн өдөр болж байна. Намайг төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлалаа. Ханьдаа хязгааргүй хайртай шүү олон олон жилийг хамтдаа туулна. Хүүдээ бас хайртай шүү. Өдий зэрэгтэй энэ амжилтад хөтөлж явж байгаа Хосбаяр багшдаа, анхны багш Цэрэнням багшдаа, Чука багш, талийгаач бурхан болсон Ганаа багш бүгдэд нь маш их баярлалаа. Яриад байвал маш олон хүмүүс байгаа. Энэ бүх хүмүүс миний өнөөдрийн амжилтыг нэг нэгээр нь бүрдүүлсэн. Миний арван жилийн багш миний хүмүүжилд бас нөлөөлсөн. Тэгэхээр энэ бүх хүмүүсээс би гэдэг хүн бүрдсэн байх. Мэдээж Монголын хүндийн өргөлтийн холбоо, Биеийн тамир спортын газар, Алдар спорт хороо, Чингис хаан олон улсын нисэх буудлын хамт олондоо маш их баярлалаа. Ирэх 2021 ондоо бүгдээрээ амжилт бүтээлээр дүүрэн хүссэн зорьсноо аваад Монгол улс маань олон олон олимпийн медальтай жил байгаасай гэж хүсэн ерөөе. Та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье.